Уг нь хууль бүр мөрдөгдөж, хэрэгжих ёстой. Хэрэв мөрдөхгүй байгаа бол зөрчсөн этгээдтэй хариуцлага тооцох нь ардчилсан нийгмийн харилцааны үндэс суурь. Хуулийг Засгийн газар манлайлан хэрэгжүүлж, аж ахуйн нэгж, иргэд бүр сахих ёстой бөгөөд явцыг шүүхийн байгууллагууд хянах ёстой. Баталсан хуулийг нь хэн ч хэрэгжүүлэхгүй, монголчуудын хэлдгээр “хууль нь гууль” болоод байхаар иргэд бид ганцхан асуултын хариуг олох гэж гайхашрах боллоо. Их хурлын гишүүд энэ “гуулиудаа” санаатай хийж байна уу, эсвэл санамсаргүй хийж байна уу?
Сайтар тунгаан, үүх түүхийг нь нарийн ажиглавал төрийн эрх барьж ирсэн улс төрийн хоёр нам дангаараа ч бай, эвсэлдсэн ч бай, нөхөөстэй, үлгэр шиг хуулиудыг санаатайгаар гаргаж байна гэж дүгнэхээр болжээ.
Улс төрийн намууд эдийн засгийн тогтсон хөтөлбөр, үзэл бодол байхгүй, намуудын ярьж, хийж байгаад зарчмын ялгаа байхгүй тул аль ч хуулийг гаргахаасаа өмнө нийгэм эдийн засгийн чухал асуудлуудаар урт хугацааны, алсын хараатай бодлого, судалгаа хийдэггүйг шууд ойлгож болно. Тийм ч учраас намынхаа нэрээр гарч ирсэн гишүүд нь хувийн тоглолт хийж, үндсэн ажилдаа тухайн үеийн сонирхлоор хандаж, хууль шинээр гаргах, эсвэл засвар өөрчлөлт оруулахдаа цэвэр хувийн хожоо, тус тусын бизнесийн онцгой ашгийг бий болгохоор зохицуулж иржээ. Улс төрийн нам гэдэг институц үнэндээ байхгүй бололтой.
Хамгийн тод жишээ бол "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль юм. “Урт нэртэй” энэ хууль бол эрх баригч намуудын түрүү, түрүүчийн Их хурлын гишүүдийн богино хараа, явцуу сонирхлын тодорхой илэрхийлэл мөн.
Уг хуулийг 2009 онд баталсан боловч амьдралд хэрэгжүүлэх “боломжгүй” болсон учир хэдэн гишүүд өөрчлөх санал тавьж байна. Баталж байх үедээ тэд хаа байж, юу хэлж байсан юм бол оо?
Хууль хэрэгжихгүй байгаагийн цаад учир нэлээд олон жилийн улбаатай. Бүр 1990-ээд оны эхээр уул, тал, ой, гол ус хаа ч хамаагүй алт олборлох хуулийг энэ хоёр намуудын Их хуралд суудалтай гишүүд баталсан шүү дээ. Тухайн үеийн Засгийн газрууд ч хайгуул, ашиглалтын зөвшөөрлийг эмх замбараагүй олгож, өөрсдөө оролцон дамлан худалдаж, лицензийн наймааг цэцэглүүлсэн.
Үе үеийн Их Хурлын гишүүд, тэдний байгуулсан Засгийн газар, томилсон дарга нарынх нь компаниуд хамгийн амархан алт олборлож болох гол мөрний дэргэдээс ихэнхийг нь аваад, ямар ч нөхөн сэргээлт хийхгүйгээр хаячихсан, эсвэл дамлаад зарчихсан шүү дээ. Сонин эргүүлээд уншихад л нэр устайгаа гараад ирнэ.
Олон зуун гол мөрөн ширгэн алга болж, үлдсэн хэдхэн гол усаа хамгаалахаар орон нутгийн иргэд босоод ирмэгц нэгэнт олгогдсон зөвшөөрлүүдийг цуцлахаар олон тэрбум доллар нөхөн төлөх гээд байна гэж хоорондоо “маргалдсан” дүр үзүүлж, нөгөө хуулиа янз бүрийн шинэ тодотголоор бүрхэгдүүлэн хүчингүй болгох гэж байна. Ийм маягаар “урт нэрт хууль” хэзээ ч биелэгдэхгүй нь тодорхой бөгөөд сонгомол “гууль” болж түүхэнд үлдэнэ.
Яг энэ тактикаар дархан цаазтай бүх газруудад улстөрчид юу дуртайгаа хийж байгаагаа хуульчлах гэж байна. Удалгүй Богд уулын бүх амуудыг дархан цаазтай газрын хил хязгаарыг шинэчлэн тогтоох, могтоох замаар өөрчилж, Улаанбаатарын газрыг зарж угаасан мөнгөө хууль ёсных болгохыг санаархаж байна..
Бараг хууль бүрийн цаана ийм дэглэлттэй “шоу” болж, төрийн эрхэнд гарсан этгээдүүд Монгол Улсын байгалийн баялаг, газрыг хувьдаа завшиж, ард иргэдээрээ тоглон тохуурхаж, басан доромжилж байгааг иргэд маш сайн харж байгаа. Монголын иргэд байгаль нутгаараа, үр хүүхдийнхээ ирээдүйгээр хохирч, дээр нь улс төрийнхний дээрмийн зардлыг бас төлж байна.
Ийнхүү Монголын Их хурлын “гуульчид” хуулиар бизнес хийж, хууль гаргах нэрээр хувийн бизнесээ цэцэглүүлж, мөнгө угааж, нөхөөстэй, эсвэл хуурамч хууль гаргасан болж, татвар төлөгчдийн хөрөнгөөр тоглож тоглочихоод ханахгүй, бас бидний зардлаар амрах гээд байгаа нь гайхалтай.
Улс орныг хөгжүүлэх талаар тодорхой тоо судалгаа ч байхгүй, засгийн эрхэнд гарахын тулд худлаа хоосон амласан, сайндаа л тийм ийм юм сайжруулах жил, эсвэл ингэх тэгэх сарын аян зарлаж, бага боловсролтой хүмүүсийн тархийг угаахаас цааш сэтгэж чаддаггүй, зарчимгүй, нийгмийг үлгэрлэн дагуулах манлайлалгүй улс төрийн нам нэрээр түрээ барьсан хэдхэн этгээдээр иргэд бид амьдралынхаа бас нэг хорин жилийг тоглуулах гэж үү?