Jargal's Blog
2011-06-01
Хаягдсан Туул
Өнөөдөр сонин
2011.06.01

Дэлхийн бараг бүх хот аль нэг голын эрэг сав газарт үүссэн байдаг.Дэлхийн бараг бүх хот аль нэг голын эрэг сав газарт үүссэн байда. Улаанбаатар ч гучаад жилийн өмнө Сэлбэ, Дунд, Улиастай болон Туулын гэх мэт гурав, дөрвөн голтой байсан. Тэд ээлжлэн нүд аньсаар Туул гол л тунаж үлджээ. Үлдсэн ч гэж дээ, удалгүй бас л алга болох гэж байна. Хэд хэдэн газраа тасарч, загас жараахай нь хатаж үхдэг болсоор арваад жил боллоо. Улаанбаатрын иргэд бид ч тэдний араас л явж байна. Туул гол яагаад ийм болж байгааг уг нь тогтоочихсон.

Туул голыг тасалдуулж, бохирдуулж байгаа олон эх үүсвэрээс гурван томыг нь бид бүгдээрээ сайн мэддэг. Нэг нь арьс, шир, ноос ноолуур зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийг угааж, цэвэрлэн боловсруулдаг үйлдвэрүүд, тэдний цэвэрлэсэн болоод урсгачихдаг химийн бодис.

Туул голын усыг түшиглээд Улаанбаатар хотод гэхэд л арьс ширний гурав, ноос ноолуур угаах, самнах 48 үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 30 гаруй төрлийн химийн бодис хэрэглэдэг бөгөөд үйлдвэрлэлийн хаягдал нь технологийн хувьд аль хэдийнэ үеэ өнгөрөөж хоцрогдсон байгууламжаар цэвэрлэсэн нэрээр гол руу цутгаж байгаа нь балмад үйл ажиллагаа мөн.

Нөгөөх нь хотын хөрсний бохирдол, хог хаягдал, гэр хорооллын бохир усны нүх, нүхэн жорлон болон орон сууцны иргэдийн хэрэглэсэн бохир ус. Хотын бохирыг цэвэрлэх үйлдвэр, байгууламжаа Испанийн тусламжтайгаар шинэчилсэн гэдэг ч Туул голд цутгаж байгаа хэсэгт очсон хэн ч гэсэн, ойр орчинд нь амьдарч байгаа хүмүүсийн адил ялгадсыг цэвэрлэсэн гэдэгт итгэдэггүй. Итгэхийн аргагүй өнгө, үнэр ялгаран тунаж байгааг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд, МХЕГ, АМГ болон Улсын мөрдөн байцаах газрын байцаагч, мэргэжилтнүүд очиж, өөрийн нүдээр харсан.

Гурав дахь нь Туул голын ай сав дагуух нутаг дэвсгэрт хайрга бутлан ангилдаг 17 үйлдвэр, элс, хайрга олборлогч 20 компани болон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хайрга, чулуу олборлож байгаа бусад олон аж ахуйн нэгжүүд. Тэдгээрийн олонх нь элс хайргыг нь олборлосон хэрнээ ямар ч нөхөн сэргээлт хийдэггүй, зарим нь бүр хаяад алга болсон. Тэд бүгдээрээ л эвэр, туурайтай дарга даамлуудтай ил далд холбоотой байдаг. Дээр дурдсан шиг сүржин хяналт, шалгалтыг төр засгийнхан үргэлж хийдэг.

Өнгөрсөн наймдугаар сард хотын ундны усны эх үүсвэр Туул голын бохирдол ямар байгааг БОАЖЯ, Усны газар, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн гарч шалгаад маш их хэмжээний бохирдолтой болохыг “нээж”, баахан дөвчигнөсөн.

Хот, улсын засаг захиргааны бүх төвшний дарга, мэргэжилтнүүд жил бүр том, жижиг шалгалт хийж, төвийн сонин хэвлэлээр зургаа гаргуулж, ланжгар мэдэгдэп гаргадаг ч тэгсхийгээд унтардаг. Юу ч өөр болдоггүй. Улаанбаатар хотын засаг захиргаа, төр засгийн удирдлагууд дээрх гурван үндсэн шалтгааныг сайн мэднэ. Энэ шалтгаануудыг яаж арилгахыг бүр ч илүү мэдэж байгаа. Тэгээд ч шалтгааныг арилгах нь сансар судлалын шинжлэх ухаан биш л дээ.

Нэгдүгээр шалтгааныг холбогдох дэд бүтцийг нь барьж бэлдээд, Улаанбаатар хотоос зайдуу газар малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг төвлөрүүлэн байгуулах замаар, хоёрдугаар шалтгааныг цэвэршүүлэх шинэ технологийн сайн байгууламж барих замаар, гуравдахийг нь зөвхөн цөөхөн тодорхой цэгүүдээс дүрэм журмын дагуу олборлож, зохицсон тээврийн хэрэгслээр замбараатай зөөх замаар шийдэж болохыг тогтоочихсон. Ийнхүү Туул гол ширгэн, хордож байгаа бүх шалтгааныг, мөн тэдгээрийг яаж арилгах арга замыг бүгдийг нь сайн мэдэж байгаа мөртлөө яагаад, юу ч хийхгүй байгаад л хамаг гогцоо байгаа юм.

Нийтийн эзэмшлийн бүх хөрөнгийг, түүний дотор уул ус, гол мөрөн, цэцэрлэг, ногоон байгууламж, сургууль, эмнэлгийн талбай, дэд бүтцийн ойролцоох газрыг ардчилсан оронд иргэд, оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцан, холбогдох хууль журам гарган, түүнийг мөрдүүлэн сахиулдаг. Харамсалтай нь манайд бол сонгуулийг луйвардан иргэдийн төлөөлөгч нэр зүүсэн үл бүтэх, хувийн эрх ашгаа хөөцөлдөгч хэсэг этгээдийн гарт энэ эрх мэдэл орчихсон юм.

Засаг төр, хот, орон нутгийн удирдлагад шурган орсон энэ хэсэг этгээд нийтийн эзэмшлийн дээр дурдсан хөрөнгийг юуны түрүүнд зарж хуйвалдан хувьдаа завшиж байна. Хамгийн их хохирлыг байгаль дэлхий хүлээж, тэнцвэртэй байдлаа алдан, оршин суугчид эрүүл мэндээрээ хохирч, нийслэл хот ундны усгүй болж эхэллээ.

Энэ бүх эмгэнэлт байдал төр засгийн эрх баригчид, ялангуяа Нийслэлийн Засаг дарга нарын хувьд ямар ч хамаагүй зүйл бөгөөд нийтийн хөрөнгийг хууль журамгүйгээр нь далимдуулан завшиж, газрын наймаанаас олсон мөнгөө өөрийг нь томилсон улс төрийн намтайгаа үгсэн хуваалцаж, сонгуулийн зардлыг нь дааж байвал үүргээ гүйцэтгэж, өөрийгөө гэмт хэргээс хамгаалуулж байгаа нь тэр.

Улаанбаатар хотын байгаль орчин сүйрч, хүүхэд, хөгшид хордож, өвдөж шаналан үхэж байгаа нь тэдний хувьд зөвхөн статистик. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын дарга байсан Ц.Батбаяр ”Туул голыг хамгаалах УИХ-ын тогтоол гаргуулахаар ажиллаж байна.

Тогтоолын төсөлд Туул голоо хамгаалахын тулд зохих байгууллагууд ямар чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулахыг зааж өгнө” гэжээ. Энэ хүн хотын дарга байхдаа чиг үүргээ мэдэхгүй байсан учир Туулын эргийн бүх газарт барилга барих, барилгын материал бэлдэх зөвшөөрлийг өгчихсөн юм байна л даа.

Тэр нөхөр “Миний үед газрын зөвшөөрөл бараг өгөөгүй, өмнөх дарга нар өгчихсөн” гэж үргэлж ярьсаар ирсэн. Хэрэв бүруу шийдвэр өмнө нь гарсан бол түүнийг өөрчлөн засах ёстой гэдэг чиг үүргээ ч бас л мэдэхгүй төөрч явсан нэгэн. Хотын одоогийн дарга Г.Мөнхбаяр ч бас л “чиг үүргээ” мэдэхгүй, тогтоолын төсөл хүлээгээд л сууж байна. Ямар ч гэсэн хотын сүүлчийн гурван дарга Зайсангийн болон Маршалын гүүрнүүдийн хооронд ямар ч төлөвлөгөө хийлгүйгээр орон сууцны хороолол барих газар олгосон.

Хөрсний ус 2.0 метр хүртэл дээшлүүлдэг бургасыг маш ихээр огтолж барилга бариулснаас хөрсний ус доошлон, Туул голын усны тэжээгдэл багасч, нөөцийг нь хомсдуулж байна. Улаанбаатарын иргэд бид ийнхүү хэдхэн этгээдийн тоглоом даажин болсоор эцсийн дүндээ уух усгүй болж, Туулын хэдэн загасныхаа адил хатаж үхэх юм уу? Загасыг барьсан ч дуугардаггүй, өвчсөн ч дуугардаггүй, шарсан ч дуугардаггүй ганц амьтан гэдэг. Улаанбаатарчууд аа, та бид арай ч загас болчихоогүй биз дээ.

Энэ хотын иргэдийн ашиг сонирхлыг уландаа гишгэж, бидний хөрөнгийг дур мэдэн бусниулж, Туул голыг маань цаазалж байгаа хэдхэн этгээдтэй хариуцлага тооцож, улмаар хотынхоо даргыг иргэдээсээ шууд сонгодог болох цаг ирээгүй гэж үү?


Comments

2014-03-11 -

Бичсэн: Зочин

Юуны өмнө ийм сайхан блог ажиллуулж байгаад үнэхээр их талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөгийн төрийн удирдлагуудын увайгүй үйлдлүүдийг бид мэдэхийн дээдээр мэддэг хэрнээ дор дорноо худлаа л хий хоосон бухимдаж, хаяахан нэг мэддэг хэдэн хараалуудаа урсгахаас хэтрэхгүй юм. Ийм үед тань шиг монголоо гэсэн сэтгэлтэй нэг ч гэсэн сэхээтэн өнөөдөр нийгэмэд газар авч, бугласан асуудлуудыг хөндсөн нийтлэлүүд бичиж залуучууд бидэнд бага ч атугай цочрол өгч байгаад үнэхээр талархаж байна. Хүн хэлэхээс нааш, цаас чичэхээс нааш гэдэгчлэн таны үгийг ойшоохгүй нэгэн байхад үнэхээр дэмжиж тусгаж авч байгаа олон залуучууд байгааг бодолцон цаашид ч тасралтгүй олон сайхан нийтлэлүүд бичэхийг хүсье. Баярлалаа

. Шууд холбоос


2011-08-11 - Уур минь хүрч байна!

Бичсэн: Хүүхэд (зочин)

Монгол улс хуультай, төртэй, түүхтэй,
бахархалтай, баялагтай гэвч хэн мэдлээ би ийм л ёсгүй заншилгүй хуурмаг, мунхаг нийгэмд төрсөн ба өссөөр л байна одоо яах вэ? Аав аа Ээж ээ та үр хүүхдүүдээ сайн хүн болгож хүмүүжүүл тэгээд та бүхэн үхэж үгүй болтол энэ бүхэн үргэлжилсээр л байх болно. Одоо би яах вэ? Сур үнэнийг сур бас худлыг үзэн яд үзэн яд.

. Шууд холбоос


2011-08-05 -

Бичсэн: chinee (зочин)

зөв юм бичсэн байна. Олон хүн уншиг гэж бодоод эх сурвалжийг нь дурдаад копийдсон шүү

. Шууд холбоос


2011-06-02 -

Бичсэн: Даваа (зочин)

Үнэхээр үнэн сайхан бичсэн байна. Энэ хэдэн төрийн луйварчидийг яавал ажилаа ухамсарлан хийдэг, авилга хээл хахуулис ангид байх юм бол.

. Шууд холбоос


2011-06-01 -

Бичсэн: Алмас

Үнэхээр үнэн гуниглах

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 102
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax