Jargal's Blog
2011-04-20
Цахилгаанжуулалт

Өнөөлөр сонин
2011.04.20


Улс орны хөгжлийн суурь бол цахилгаан эрчим хүч. Лениний алдарт үгийг “Ардчилсан төр дээр улс орны бүрэн цахилгаанжуулалтыг нэмбэл хөрөнгөтөн улс болно” гэж зассан ч буруудахгүй. Гэтэл XXI зуун гарчихаад байхад Монголын хүн амын 30 хувь нь цахилгаантай холбогдоогүйн учир юу вэ? Яагаад нийслэлийн захын хорооллуудад иргэд лаатайгаа л амьдарсаар байна вэ? Яавал улс орноо бүрэн цахилгаанжуулах вэ? Эрчим хүч хүрэлцэхгүй байгаа нь бодит ба бодит бус шалтгаантай.

Гурван сая хүрэхгүй хүн амтай, ийм том газар нутагтай манайх шиг орны өнцөг булан бүрт цахилгаан эрчим хүч хүргэх, засмал зам тавих нь өндөр зардалтай учир бодит шалтгаан мөн. Улаанбаатар хотын цахилгаан хангамжтай холбоотой, хүний үйл ажиллагааны өгөөжөөс хамаардаг, бодит бус олон шалтгаан байна. Цахилгаан болон дулааныг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Эрчим хүчний зохицуулах газар эрхэлдэг.

Энэ газар “Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үнэ тарифыг хянаж батлах, тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн хүрээнд шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх” зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Цахилгаан, дулаан түгээх сүл жээн үүдээс холбогдох зөвшөөрлийг авах гэдэг бол энэ салбарт үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй бизнес эрхлэгчдийн хамгийн том даваануудын нэг.

Сүүлийн гучин жилд Улаанбаатар хотод цахилгаан, дулааны эх үүсвэр нэмж баригдаагүй, дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл хотын өсөлтийг хангаж чадахгүй байгаа. Цахилгаан, дулаантай холбогдох нь газрын наймааны дараа орох нууц бизнес. Өнөөгийн байдлаар зөвхөн Улаанбаатарын “Цахилгаан түгээх сүлжээ” компани гэхэд л цахилгаанд холбогдох 2000 гаруй хүсэлт авсан ч одоог хүртэл шийдвэрлэж чадалгүй сууж байна.

Эрчим хүчний шинэ эх үүсвэр баригдахгүй байгаа гол шалтгаан нь Монгол Улс цахилгаан, дулаанаа өөрийн өртгөөс нь 20-30 хувиар доогуур үнээр өгдөг дэлхийн цөөн орнуудын нэг. Нэг киловатт эрчим хүчний хэрэглэгчид хүрэх өөрийн өртөг нь Орост 6.5, Солонгост 10, АНУ-д 13, Филиппинд 23 цент тус тус байдаг. Монголд энэ тоо 114 төгрөг буюу өнөөгийн ханшаар 9.4 цент. Гэтэл түүнийг саяхан нэмсэн шинэ үнээр айл өрхөд 84, үйлдвэр, үйлчилгээний газрууд 88 төгрөгөөр борлуулж, зөрүүг нь татвар төлөгчдийн мөнгөөр хааж байна.

Иргэд ядуу, төлбөрийн чадвар бага нэрээр манай улс айл өрхөд хүрч байгаа цахилгааны үнийг үйлдвэр, үйлчил гээний газруудынхаас хямдхан байл гадаг орнуудын нэг. Уг нь бол айл өрхийн цахилгааны үнэ хамгийн өндөр, бөөнөөр нь баталгаатай авдаг, түрүүлж төлдөг үйлдвэр үйлчилгээний газрын хэрэглээний цахилгаан хямд байдаг нь өндөр хөгжилтэй орнуудын практик юм. Өртөг нь үнээсээ их байгаа тохиолдолд хоёр асуулт гарч байна. Монголын цахилгааны өөрийн өртгийн тооцоо бодитой юу? Хажууханд байгаа ил уурхайгаас ачиж байгаа нүүрс яагаад өндөр үнэтэй байгаа, түүнийг цахилгаан болгох өртөг, бүх шатны захиргааны үйл ажиллагааны зардал яг хэд байгааг олон улсын хөндлөнгийн, мэргэжлийн байгууллагаар шалгуулан олон нийтэд зарлах шаардлагатай байна.

Ямар ч гэсэн төрийн мэдлийн нүүрсний уурхайнууд, цахилгаан станцууд, дамжуулах, түгээх сүлжээний газруудын дээд удирдлагууд 20-30 хувийн алдагдалтай ажиллаж байгаа гэхэд тун тансаг амьдарч байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай бичиж байна. Нөгөө асуулт нь яагаад өртгөөс нь доогуур үнээр үйлдвэр аж ахуйн газруудад цахилгаан нийлүүлж байгаа юм бэ? Төрийн монополь тогтоочихоод зардлаасаа доогуур үнээр борлуулалт хийж, зах зээлийн зохицуулалтыг улс төрийнхөөр орлуулж байгаад асуудлын гол нь оршиж байна. Алдагдалтай системд хуримтлал бий болж чаддаггүй учир эрчим хүчний нэмэг дэл эх үүсвэрийг цаг хугацаанд нь барьж чадахгүй болгожээ.

Хотод хамгийн их дутагдаж буй эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барих шавыг гурван жилийн өмнө Улиастайд тавиулж байснаа саяхан III цахилгаан станцын суурин дээр барихаар шийдэв. Энэ нь хамгийн бага зардал гарах сонголт байж болох ч ийм чухал, том төсөлд төр засаг эсвэл тооцоо судалгаа хангалттай хийдэггүй, эсвэл хэн нэгний шахалтаар ажилладаг гэсэн ойлголт төрүүлж байна. Орчин үед Дулааны цахилгаан станц барих 1 мегаватт чадлын өртөг нь 1.5 сая ам.дол бөгөөд 820 мегаваттын Дулааны цахилгаан станц барихад 1.3 тэрбум ам. доллар шаардлагатай.

Энэ хөрөнгийг төсвөөс гаргахыг хүлээсээр 20 жил болж байна. Нийт ажиллах хүчний арван хувь нь ажилгүй, ажилтай нэгнийх нь цалин үлэмж бага учир дийлэнх иргэд гэр хороололд амьдарч, хэрэглэсэн цахилгааны хямдралтай үнийг ч төлж чадахгүй байна. Хөдөлмөрийн бүтээмж бага учир цалин муу, хөдөлмөрийн бүтээмжийг шинэ тоног төхөөрөмж, цахилгааны найдвартай хангамжгүйгээр төсөөлөх аргагүй. Цахилгаан, дулааны үйл ажиллагааг энэхүү “чөтгөрийн тойргоос” гаргахын тулд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн улсын монополийг халж, хувийн секторын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улмаар эрчим хүчний зохицуулалтыг өөрийг нь хязгаарлаж, хэрэглэгчдэд сонголт өгч, эрчим хүчээр найдвартай хангах шаардлагатай байна.



Comments

Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Бичлэг: 8 » Нийт: 102
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax