Jargal's Blog
2010-11-10
Эрүүл барилга
 Өнөөдөр сонин
2010.11.10

Амьдарч байгаа барилгынх нь барилгын материал иргэдийн эрүүл мэндэд яаж нөлөөлж байгааг судалж тогтоогоод, хүний биед хортой материалаар хийсэн бол нурааж, шинээр барих хүртэл арга хэмжээ авсаар олон жилийн нүүр үзэж байна.

Тодорхой материалуудыг барилгад ашиглахгүй байх хууль журам гарч, түүнийг зөрчсөн хэнийг ч болов мартахгүй болтол торгодог. Гэхдээ энэ бүхэн Монголд биш, гадаадын орнуудад болж байгаа хэрэг. Манайд бол барилгын материалын эрүүл мэндийн нөлөөний тухай алдаг оног дуу чимээ гарч, ганц хоёр тогтоол журам гаргадаг боловч бусад хууль дүрмийн адил “гурав хоног” үйлчлээд л дуусдаг.

Уг нь энэ асуудлыг тогтмол хянаж, иргэдийнхээ эрүүл мэнд, эрх ашгийг тасралтгүй хамгаалах механизм ажиллах ёстой. Үүнийг тодорхой жишээн дээр задлан харж болно.

Полистрол буюу бидний хэлж заншсан шахмал хөөсөн материалыг барилгын дулаалга болгон ашиглахдаа бетон зэрэг материалд бүх талаар нь битүүлж цутгасан байхыг олон оронд шаарддаг. Зарим оронд үүнийг барилгад ашиглахыг хориглосон.

Хэдэн жилийн өмнө Орост “Доголон морь” гэдэг цэнгээний газар шатаж, олон арван залуус амиа алдсан. Гол шалтгаан нь тухайн цэнгээний газрын дээврийн дулаалгыг полистролоор хийсэн байсан бөгөөд дээврийг нь шатдаггүй материалаар бүрсэн байсан ч түймэр гарахад маш амархан халж шатдаг полистрол хайлан, дээврийн завсраар дусан урсаж байжээ.

Энэ материал маш хортой, өтгөн хар утаа, хөө ялгаруулан шатаж, хортой агаарыг гурван удаа амьсгалсан хүн шууд үхдэг. Ердийн байхдаа ч энэ материал хорт хий ялгаруулж, хүний бөөрөнд нөлөөлж, дөнгөж тогтсон үр хөврөлийг хэвлийд байхад нь хордуулдаг ажээ. Одоо Москвад энэ материалаар дулаалсан байшингуудын дулаалгыг хуулж байна.

Гэтэл Улаанбаатар хотын шинэ барилгуудыг энэ материалаар эрчимтэй дулаалж байгаа бөгөөд энэ нь хүний эрүүл ахуйн шаардлагыг хангаж байгаа эсэх тухай хэн ч ярихгүй байна. Хэрэв ямар нэг түймэр гарвал түүний галыг унтраах бараг боломжгүй, маш түргэн хайлан урсаж, амьсгал боогдуулах хорт хий ялгаруулдаг. Асбестаар барилга барьснаар маш олон хүн уушгины хорт хавдраар нас барсны дараа ийм хольцтой бүх материалыг барилгад ашиглахгүй байх тухай хууль олон оронд гарсан.

Гэтэл бид ашигласаар ирсэн бөгөөд сүүлийн үед гипс хавтанг дуурайж хийсэн асбесттэй хавтныг Монголд борлуулах болжээ. Мөн бидний нэрлэж дассан дээврийн материал (шифер гэж ярьдаг) асбестээр хийгддэг бөгөөд Орос болон Хятадаас орж ирсээр байна.

Ер нь хөрш орнуудын барилгын материалын шаардлага улам бүр өндөр болохын хэрээр тэндээс шахагдсан, нэгэнт үйлдвэрлэчихсэн материал манай улс руу хямд үнээр орж ирэх хандлагатай болжээ. Шинэ байрны шалыг шахмал паркетаар хийдэг ч түүнийг хамгаалан бүрдэг лак нь хорт бодистой байдаг.

Нийлмэл лакны найрлагад толоул болон ксилол ордог бөгөөд эдгээр бодис нь хүний арьсыг цочроохоос гадна төв мэдрэлийн системд нөлөөлдөг ажээ. Барилгын ханын дотор талын өнгөлгөөний материалыг ч ямар лак, будгаар хийснийг хянах шаардлагатай.

Мөн цахилгаан станцын үнсийг ашиглаж хийсэн бүх төрлийн барилгын материал дотор цацраг идэвхтэй бодис байдаг бөгөөд агаараар дамжин уушгинд нэвтэрдэг тэр хий нь (радон) олон төрлийн хорт хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд тогтоож, цахилгаан станцын нүүрсний үнсээр барилгын хавтан хийхэд тодорхой хэмжээ хязгаар тогтоосон байдаг.

Уг нь бүх материал барилгын, галын аюулгүйн болон эрүүл ахуйн гэсэн гурван төрлийн зөвшөөрөлтэй байх ёстой. Бүх материал нь манай улсын хүн амын эрүүл мэндийн наад захын шаардлага, стандартыг бүрэн хангасан байхыг юуны өмнө тухайн барилгыг захиалагч болон гүйцэтгэгч компаниуд бүрэн хариуцах ёстой. Гэтэл Монгол Улсад эдүгээ барилгын компани бүр тухайн байшинг захиалах, барих, борлуулах, хянах бүх ажлыг өөрөө хариуцаж гүйцэтгэдэг. Хэрэглэгчийн эрх ашгийг улс буюу Мэргэжлийн хяналтын газар хариуцсан болдог бөгөөд барьж байгаа бүх байшинг тасралтгүй хянах техникийн боломж мэдээж байхгүй.

Үр дүнд нь тухайн барилгыг барих, ашиглах явцад гарч байгаа асуудлыг бие даан хариуцдаг захиалагч институц байхгүй учир байрыг авсан оршин суугчид ашиглах явцдаа асуудал гарахаар барьсан компани алга болсон учир хэнд хандахаа мэддэггүй.

Зарим оршин суугч тухайн байшингийн эзэн гэсэн зөвшөөрөл ч авч чадахгүй байна. Уг нь бол барилгын захиалагч, гүйцэтгэгч нь тусдаа байгууллагууд байх ёстой бөгөөд ингэснээр хөндлөнгийн хяналт дор тухайн барилгыг барих бүх шатанд, барилгад орж буй бүх материалд жинхэнэ хяналт бий болж, барилгын чанарыг баталгаажуулахын төлөө захиалагч нь тэмүүлэх болно.

Судалгаагаар дотооддоо хэрэглэж буй нийт барилгын материалын 80 илүү хувь нь зөвхөн Хятадаас орж ирж буй нь тогтоогдсон нь барилгын эрүүл ахуйн аюулгүй байдалд онцгой анхаарахгүй бол болохгүй гэдгийг харуулж байгаа бус уу. Японд барилга барьж дууссанаас хойш нэг сарын дараа өрөө бүхнээс сонгон агаарын найрлагын шалгалт хийдэг бөгөөд хүний эрүүл мэндэд нөлөөлөх ямар нэг хорт хий, туяа байгаа эсэхийг тогтоосны дараа хүн оруулах зөвшөөрөл өгдөг.

Зөвхөн энэхүү “эрүүл барилга” гэсэн гэрчилгээг авсан байшинд япон хүн амьдрах ёстой гэнэ. Харин монгол хүн эрүүл бус барилгад амьдарч байгаа нь Монголын төр засагт хамаагүй бололтой. Улаанбаатар хотод “эрүүл барилга” гэсэн гэрчилгээ өгч эхэлбэл ер нь яах бол оо.


Comments

2011-04-21 - sain baina uu

Бичсэн: Зочин (зочин)

Сайн байна уу. Би их сургуулийн төгсөх курсийн оюутан. Барилгын материал дахь хүнд элементийг тодорхойлох дипломын ажил хийж байгаа. Таны бичсэн бичлэг их таалагдлаа. Та эдгээр мэдээллийг хаанаас авсан, барилгын материалын задрал, хүнд элементүүдийн нөлөөллийн талаар мэдээлэл өгч чадах уу. Интернетээс дандаа төлбөртэй олдоод байх юм. Чадвал холбоо барихгүй юу onon_god@yahoo.com

. Шууд холбоос


2010-11-11 -

Бичсэн: Зочин (зочин)

Мэргэжлийн хяналтын газар, гаалийн газар хилээр орж ирж байгаа бараа материалд тавих хяналтаа өндөржүүлвэл болоо юм биш үү. 1990 оны үед гаалийн газрын гаднаас орж ирүүлж байгаа бараа материалын баталгаажуулсан жагсаалт гэж хийж байсныг би мэдэх юм байна. Хэрэв тэрхүү жагсаалтанд багтаагүй бараа материал байхгүй бол түүнийг тэр жагсаалтанд оруулах асуудлыг мэргэжлийн хяналтын газар баталгаажуулах, хэрэв ямар нэгэн байдлаар хор хөнөөлтэй нь батлагдвал уг бараа материалыг хориглосон барааны жагсаалтанд оруулах, уг барааны чанар сайжирсан тэр нь мэргэжлийн хяналтын байгууллагаар батлагдвал хориглосон бараа материалын жагсаалтаас хасах гээд хийвэл их л ажил байх юм. Яагаад ингээд зохион байгуулж болохгүй байгаа юм бол? Мэргэшсэн боловсон хүчин дутуу байгаа юм бол, тэд нарыгаа сургалтанд хамруулж болно шүү дээ. Үгүй гэхэд, наад захын технологийн бэлэн шийдлүүд зах зээл өндөр хөгжсөн орнуудад байна шүү дээ. Бусад улс орнууд аль хэдийнээ хийчихсэн зүйлийг дахин дахин шийдэх гээд цаг заваа алдаад байх хэрэг байна уу? Эзэн хаан Чингисийн олон дэвшилтэт талуудын нэг нь бол, бусдын ололт амжилтын соргогоор авч хэрэглэж байсанд байсан биз дээ... санаа зовох гуниглах
Ер нь мэргэжлийн мэдлэг, туршлага шаардсан ажлын орон тоог улс төрийн нам, хамаатан садан, сүлбээгээр томилоод байхаар өсөн дэвших горьдого бүхий залуу боловсон хүчинд ямар олигтой жишээ болох вэ? Тийм учраас, өдрөөс өдөрт "би хэлхээ холбоо байхгүй бол дээшээ өсөн дэвжиж чадахгүй юм байна" гэсэн ойлголт нийгэмд өргөн тархаад эхлэхээр нийгэм маань дотроосоо ялзраад эхлэх юм байна шүү дээ. Тийм учраас эхлээд энэхүү нийгмийн болохгүй байгаа асуудлуудыг дэлгэн тавьж байгаа хүмүүсээ дэмжье хүмүүсээ! Ардчилсан намынхан маань иймэрхүү итгэл авч гарч ирсан боловч удалгүй өөрсдөө "олигархи" болон ялзарчихсан учир өнөөдөр нийгмийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Эрхэм өгүүлэгч та, тэд нараас хавьгүй өндөр нийгмийн ухамсар, боловсролтой тул, тэдгээрийн араас орохгүй байх гэж найдсан учраас энэхүү сэтгэгдлээ бичлээ.

. Шууд холбоос


2010-11-10 -

Бичсэн: Зочин

алга ташилт

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Бичлэг: 31 » Нийт: 102
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax