Jargal's Blog
2010-10-06
Хамарсан өсөлт

Өнөөдөр сонин

2010.10.06

Улс орны эдийн засгийн өсөлт, амжилтыг дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмжих нь шаардлага хангахаа больсон тухай эдийн засагчид сүүлийн үед ярих болсон бөгөөд түүний оронд “Inclusive growth” буюу “хамарсан өсөлт” гэдэг хэмжээсийг хэрэглэх саналыг япончууд анх гаргасан билээ. Харин Хятад улс энэхүү хамарсан өсөлтийг хөгжлийнхөө гол хэмжээс болгох тухайгаа Ерөнхийлөгч нь өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) орнуудын Хүний нөөц хариуцсан сайд нарын уулзалт дээр зарлав.

Хамарсан өсөлт гэдэгт эдийн засгийн өсөлтийн үр шимийг нийгмийн бүх давхаргын хүмүүст хүртээх, улмаар эдийн засгийн өсөлтийг нийгмийн дэвшилтэй тэнцвэртэй холбон хэмжихийг хэлж байна. Хятад улсад тохиолдлын бодлого гэж байдаггүй.

Энэ бол Хятад улс эдийн засаг, нийгмийн суурь бодлогоо харах загвар хүрээндээ өөрчлөлт хийж байгаа хэрэг. Энэ улс өнөөг хүртэл Дэн Сяо Пиний “Эхлээд зарим хүмүүс, зарим нутаг баяжиг” гэсэн эдийн засгаа нээлттэй болгон өөрчлөх үзэл бодлоор явж ирсэн. Гучин жилийн турш хоёр оронтой тоогоор өссөн ДНБ-ий өсөлтийн цаана Хятадын бүс нутгийн дүр төрх, хүмүүсийн амьдралын түвшин онцгой ялгаатай болжээ. Орлогоор нь хүн амын дээд болон доод арван хувийг харьцуулахад ялгаа нь 1988 онд 7.3 дахин байсан бол 2007 онд 23 дахин болсон гэж Бээжингийн Их сургуулийн профессор Ли Ши хэлж байна.

Манай улсад харин энэ ялгааны өөрчлөлт үүнээс ч өндөр гарах магадлалтай. Энэ талаар манай эрдэмтэн, судлаачид, статистикийнхан бодитойгоор тооцон, үгээ хэлэх л байх. Хятад улс дэд бүтцийг орон даяараа цогцлоон байгуулж, бүх хотоо зам, гэрэлтүүлэг, ус, цахилгааны орчин үеийн дэд бүтэцтэй болгож, Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг олон том хотууд нь дэлхийн аль ч орныхоос дутахгүй сайхан болжээ.

Харин Монголд нийтийн хэрэглээний дэд бүтцийн хувьд олигтой томоохон бараг ганц ч зүйлийг хийгээгүй мөртлөө хүн амын орлогын зөрөө нь хятадуудаас их байгаагийн учир юу билээ? Өөрөөр хэлбэл Хятадад баячууд нь асар том бүтээн байгуулалт хийж, дэлхийг бараа, бүтээгдэхүүнээрээ байлдан дагуулж баяжсан бол Монголын баячууд юу бүтээсэн гэж баяжиж байгаа хэрэг вэ?

Улаанбаатар хот утаа, тоосондоо дарагдаж, зам нь машиндаа хахаж цацан, иргэд нь дүрвэх түвшинд очоод байна. Нэг хэсэг нь төр засгийн эрх мэдлийг завшиж, нийтийн хөрөнгө, газрыг зувчуулан, ихэнх нь аль нэг ашигт малтмалтай газар нутгийг цөлмөн зөөж, эсвэл эрхийг нь дамлан борлуулах замаар баяжиж, нийгэмд нэмэгдсэн үнэ цэнэ бараг бий болохгүй байгаад манай хөгжлийн гол асуудал оршиж байна.

Байгалийн баялаг бүх ард түмний өмч байтал зөвхөн цөөхөн хүмүүс түүнээс хүртэж, эдийн засгийн өсөлт нийгмийн бүх давхаргыг хамарч чадахгүй байгаа тул олон улсын тавцан дээр эдийн засгийн стратегийн бодлогод гарч байгаа энэ өөрчлөлтийг Монголын төр засаг онцгой анхаарах хэрэгтэй . Хөгжлийн өсөлт бүхнийг хамарсан байхын тулд хөгжлийн өгөөжийг хүн бүр хүртэх ёстой.

Ажил олох, боловсрол авах эрх ба боломж хүн бүрт ижилхэн байхыг төр засаг баталгаажуулах ёстой. Монгол шиг улсад баян, ядуугийн ялгаа өнөөгийн хурдаар үргэлжилбэл хөгжилд хамрагдаагүй хүмүүс шударга ёсыг өөр өөрийн замаар идэвхтэй эрэлхийлэн хайснаар нийгэмд тогтворгүй байдал үүсэж болох юм.

Төр засаг энэ бүхнийг урьдчилан харж эдийн засгийн өсөлтийн үйл ажиллагаанд оролцох боломжийг хүн бүрт олгоход анхаарах цаг иржээ. Монголд ч бас хамарсан өсөлт шаардлагатай байна.

Бээжин-Улаанбаатар


Comments

2010-10-08 -

Бичсэн: Зочин

goyo niitel baina. bayjij baigaa baychuud ni heden huvi bilee? uursduu bid ene bugded uurchlult hiihiig hicheehgui bol hen hiij uguh yum be? bayarlalaa tand ulam goy niitlel bichij zalhuu zaluuchuuddaa ulam unetei medeelel medleg ugj baihiig husye

. Шууд холбоос


2010-10-06 - Unen.

Бичсэн: zochi

Uls ornii ediin zasgiin ter oseed baigaa ur dungees bukh humuust jigd hurteehed anhaarah zasagtai baival saihan l baina.

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Бичлэг: 36 » Нийт: 102
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax