Jargal's Blog
2010-08-18
Ардчилал ба дарангуйлал
Өнөөдөр сонин
2010.08.18

Казахстаны нийслэл Астана хотын ойролцоо орших Гранитный суурингийн шоронгийн хоригдлууд өнгөрсөн долоо хоногт бослого гаргав. Хоригдлууд шоронгийн нөхцөлөө сайжруулах, тэднийг зодож, тамлахгүй байх, хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзуулахыг шаардаж зарим нь өөрийгөө шархдуулж эхэлжээ. Гурав хоног үргэлжилсэн бослогыг тусгай хүчний 300 гаруй цэргийн хүчээр дарсан бөгөөд хоёр хоригдол нас барж, 80 гаруй нь бэртэж, шархадсан тухай BBC мэдээлэв.

800 хүний багтаамжтай шоронд 1200 хүнийг хорьсон учир хоригдлууд нь орон дээрээ ээлжлэн унтаж байгаа тухай мэдээлэл гарчээ. Хоригдлуудыг эрүүдэн байцаахын эсрэг НҮБ-ын тусгай байгууллагын ажилтай Манфред Новакын мэдэгдсэнээр Казахстан улсад 65 мянган хүн шоронд хоригдож байгаа нь Европын дунджаас гурав дахин, хуучин Зөвлөлтийн улсуудаас илт өндөр байна.

Шоронд байдал ийм байгаа ч гадна талдаа өөр. Казахстан пост-Зөвлөлтийн бусад улсуудаас илт өндөр байгаа өөр нэг үзүүлэлт бол эдийн засгийн хөгжлийн хурд, нийт хүн амын амьдралын түвшин юм. Шоронгийн хоригдлын тоогоороо ч эдийн засгийн өсөлтийн төвшинөөр бусдаас хол давсан улс орнууд цөөнгүй байдаг. Тэдгээр орнуудын эдийн засгийн хөгжлийнх нь гол үндэс бол голдуу л байгалийн баялаг.

Улс төрийн болон байгалийн баялгийг захиран зарцуулах бүх эрхийг нэг хүн, түүний гэр бүл гартаа булаан авч, түүний хэрээр хувь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлан барьдаг. Августо Пиночетийн үеийн Чили, Саудын Араб тэргүүтэй Персийн булангийн орнууд, Казахстан, Туркменистан зэрэг улсыг хэлж болно. Нөгөө талаас нэг хүний гарт засаг төрийн бүх эрх мэдэл шилжсэн боловч эдийн засагт нь олигтой өөрчлөлт гардаггүй, хүн ард нь хоорондоо орон нутаг, шашны зөрөөгөөрөө шалтаглан байлдаж, үргэлж иргэний дайн өрнөдөг бөгөөд түүнийг нь цэргийн хүчээр тогтоон барьж байдаг улс орнууд ч бий.

Цөөн хэдийг нь дурдахад Кыргызистан, Зимбабве, Судан гэх мэт. Ер нь бол дэлхий дээр 40 дарангуйлагч байдгаас 23-ын нь төмөр нударга дор бараг хоёр тэрбум хүн амьдарч байгаа тухай “Foreign Policy” сэтгүүлийн шинэ дугаарт бичжээ.

Гэтэл байгалийн баялагтай, нэг хүний гар дор ороогүй, хүн ард нь ардчиллын давуу талыг бодит амьдрал дээрээ мэдэрсэн Монгол шиг оронд эдийн засгийн өсөлт хүн бүрт хүртдэггүй, дэд бүтцэдээ олигтой хөрөнгө мөнгө оруулдаггүй, оруулсан нэрээр төр засгийн эрх баригчид нь хуйвалдан завшдаг оронд бас олон байна. Манайд гэхэд л хүн амын хагасаас илүү нь амьдардаг нийслэл хотын бүх газар, нийтийн хэрэглээний хөрөнгүүдийг эрх баригчид нь хуйвалдан завшдаг.

Хотын дарга нь улс төрийн намаасаа томилогддог учир иргэддээ тайлан тавьдаггүй. Улаанбаатар хотын бүх цэцэрлэг, ногоон зүлэг, ганц голынх нь бүх эргээр байшин барилга барих зөвшөөрлийг дамлан зарах нь тэдний үндсэн ажил болоод удаж байна. Дархан цаазтай гэх уулын бүх амуудаараа орон сууц барих зөвшөөрлийг хотын эрх баригчид хань хамсаатандаа хуйвалдан олгож, хахууль авчихсан. Нэгэнт барьчихсан байшингуудаа борлуулаад оршин суугчдаа оруулчихсан бөгөөд сууцны эзэмшлийн эрхийг нь өгч чадахгүй, олон мянган иргэдээ хууль бусаар оршин суугчид болгочихсон сууж байна.

Одоо дархан цаазтай газар гэж худлаа ярьснаа зөвшөөрч, нэр төрийн төдий хуулиа цуцлах л үлджээ. Энэ маягаар төр засгийн эрхийг ээлжлэн баригч этгээдүүд Монгол Улсын хуулийг гууль болгож, ардчиллыг үнэгүйдүүлж байгаа тухай олон жишээний зөвхөн нэг нь энэ.

Цөөхөн бүлэг хүмүүс, тэднийг дэмжин тэтгэгч компаниудын гарт төр засгийн эрх мэдэл бүрэн шилжиж, байгалийн баялгийг захиран зарцуулах бүх эрх төвлөрч байгаа нь ардчиллын буруу биш. Үүний жинхэнэ буруутан нь улс төрийн нам нэртэй институцууд. Яагаад гэвэл ардчилсан оронд улс төрийн эрх мэдлийг зөвхөн сонгуулиар ялсан улс төрийн намын гарт өгдөг.

Гэтэл улс төрийн намууд нь луйварчин гишүүдтэйгээ хариуцлага тооцохын оронд намаа хуйвалдааны үүр, хувь хүмүүсийн баяжих хэрэгсэл болгож, улмаар нийгэмд ёс зүйн ноцтой хор нөлөө учруулж байна. Улс төрийн намууд улс орныг удирдаж чадахгүй, байгалийн баялгийн үр шимийг ганц дарангуйлагчтай орнууд шиг эдийн засгаа бүтээн босгож чадахгүй байгаад хэргийн учир оршиж байна.

Сонгуулиас сонгуулийг хүлээсээр дөрөв дөрвөн жилээр маш их хугацаа алдаж, сонгууль болохоор ядуу иргэдийнхээ саналыг бэлэн мөнгө, хоосон амлалтаар худалдаад авчихдаг учир иргэдийн амьдрал олигтой дээшлэх биш улам бүр дордож, маргаашдаа итгэх итгэл алдагдаж байгаад Монголын иргэд бухимдаж байна.

Тийм ч учраас цөхөрсөн иргэдийн дотор энэ олон “дарангуйлагчдын” оронд ганц байвал арай хямд болох тухай яриа гарч байна. Улс төрийн намууд өсч хөгжих нь манай оронд нэг дарангуйлагчийн дэглэм тогтохын эсрэг ганцхан шийдэл билээ.

Монгол Улс ардчиллын ололт амжилтаа эдийн засгийн хөгжлөөрөө баталгаажуулах түүхэн шаардлага бидний өмнө тавигджээ.

Бид ардчилсан, хөгжин цэцэглэсэн эх орондоо амьдармаар байна. Үүнийг бид өөрсдөө байгуулах бөгөөд улс төрийн намууд нэмэр болж чадахгүй бол ядаж нэрмээс болохгүй байгаач ээ.

Comments

2010-10-10 -

Бичсэн: Зочин

ardchilal ba daranguilal gj yg yu we mongold

. Шууд холбоос


2010-09-20 -

Бичсэн: upshot_gp

мэдэхгүй юм даа..эхэнд нь иргэдийн боловсролыг ярьсан нь дээр ш дээ. Иргэдийн боловсрол дорой манай оронд ардчилал үнэн утгаараа хөгжиж чадахгүй байх.ийм л бодолтой байна даа.

. Шууд холбоос


2010-09-04 -

Бичсэн: Око (зочин)

азакстаныг шүүмжлэх яах вэ? Монголд 600 хүний хорих газарт 1000 гаран хүн байдаг.Монголд нийт 10000 гаран хоригдол байдаг гэсэн.Казакстан Монголоос 7 дахин их хүнтэй.Тэгэхээр бодоод үз дээ.Монголын шоронд бослого гаргах талаар яригдаж зохион байгуулалтанд орж байхад шинэ ерөнхийлөгч өршөөл үзүүлж бослого гараагүй гэж хоригдоод гарсан хүний амнаас сонссон.Монголчууд бид өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж бусдын тэмээг хараад байдаг.

. Шууд холбоос


2010-08-18 -

Бичсэн: AmonRa

Цөөхөн бүлэг хүмүүс, тэднийг дэмжин тэтгэгч компаниудын гарт төр засгийн эрх мэдэл бүрэн шилжиж, байгалийн баялгийг захиран зарцуулах бүх эрх төвлөрч байгаа нь ардчиллын буруу биш. Үүний жинхэнэ буруутан нь улс төрийн нам нэртэй институцууд. Яагаад гэвэл ардчилсан оронд улс төрийн эрх мэдлийг зөвхөн сонгуулиар ялсан улс төрийн намын гарт өгдөг.

Үүнтэй санал нийлэхгүй байхыг зөвшөөрнө үү.
Энэ бол ардчиллын алдаа- баян хүн хэт их эрх чөлөө амсаад ирэхээр замхардаг, хэврэгхэн тогтолцоо. Завхралын бүх тохироо нь бүрдсэн- иргэнд төрийн хэрэг хамаагүй болж, баян хүн л иргэний сонгуульд оролцох эрхээс эхсүүлээд- зөвхөн өөрийн эрх ашгийн төлөөх тэмцлийн үүд нээгдэж байна гэж харагдах юм?
 
Мөн дараа үе буюу бидний халаа бэлэнчлэх, хар амиа бодох сэтгэхүй, маргаашийг харах сэхээгүй болж хүмүүжиж байхад, нийгэм төрөө барихаа аль хэдийн болино. Бидний энэ яриад байгаа ардчилал, аль хэдийн олигарх нийгэм болсон. Үүнд ардчилал, эсвэл чөлөөт сонгууль гэж өөрийгөө хуурч болно.
Ардчилал маш өндөр иргэний ухамсар шаарддаг, гэвч энэ нь одоо цаг үед ба бидний үед боломжтой эсэхийг би хувьдаа ихээхэн эргэлзэж байна. Мөн нийгмийн тулгамдсан асуудлууд иргэний ухамсрыг бий болгоход нээг их тус болохгүй байгаа.

. Шууд холбоос


2010-08-18 -

Бичсэн: bagaa (зочин)

Namuudiig saijruulj hogjuulehtei sanal neg baina. Sanal garagasan niitlel gej uzlee. Namiin gishuun bish bolohoor chuham yaj shinechlehiig helehed hund baina. Gagtshuu dotroos n' ug namiin gishuud l shinechilj chadna gej bodoj baina. Manaih shig ardchilsan orond undesnii udirdagch bol uneheer hereggui, gevch namuud ardchilliin tsever ariunii tolee bolon irgediin sain, saihanii tolee oorchlegdon hogjihgui bol duriin daranguilagch garaad irehed tsoherson ard tumen gegdeh tumen olon chini huleen avahad barag belen bolood baina shuu!

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Бичлэг: 43 » Нийт: 102
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax