2010.08.18
Казахстаны нийслэл Астана хотын ойролцоо орших Гранитный суурингийн шоронгийн хоригдлууд өнгөрсөн долоо хоногт бослого гаргав. Хоригдлууд шоронгийн нөхцөлөө сайжруулах, тэднийг зодож, тамлахгүй байх, хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзуулахыг шаардаж зарим нь өөрийгөө шархдуулж эхэлжээ. Гурав хоног үргэлжилсэн бослогыг тусгай хүчний 300 гаруй цэргийн хүчээр дарсан бөгөөд хоёр хоригдол нас барж, 80 гаруй нь бэртэж, шархадсан тухай BBC мэдээлэв.
800 хүний багтаамжтай шоронд 1200 хүнийг хорьсон учир хоригдлууд нь орон дээрээ ээлжлэн унтаж байгаа тухай мэдээлэл гарчээ. Хоригдлуудыг эрүүдэн байцаахын эсрэг НҮБ-ын тусгай байгууллагын ажилтай Манфред Новакын мэдэгдсэнээр Казахстан улсад 65 мянган хүн шоронд хоригдож байгаа нь Европын дунджаас гурав дахин, хуучин Зөвлөлтийн улсуудаас илт өндөр байна.
Шоронд байдал ийм байгаа ч гадна талдаа өөр. Казахстан пост-Зөвлөлтийн бусад улсуудаас илт өндөр байгаа өөр нэг үзүүлэлт бол эдийн засгийн хөгжлийн хурд, нийт хүн амын амьдралын түвшин юм. Шоронгийн хоригдлын тоогоороо ч эдийн засгийн өсөлтийн төвшинөөр бусдаас хол давсан улс орнууд цөөнгүй байдаг. Тэдгээр орнуудын эдийн засгийн хөгжлийнх нь гол үндэс бол голдуу л байгалийн баялаг.
Улс төрийн болон байгалийн баялгийг захиран зарцуулах бүх эрхийг нэг хүн, түүний гэр бүл гартаа булаан авч, түүний хэрээр хувь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлан барьдаг. Августо Пиночетийн үеийн Чили, Саудын Араб тэргүүтэй Персийн булангийн орнууд, Казахстан, Туркменистан зэрэг улсыг хэлж болно. Нөгөө талаас нэг хүний гарт засаг төрийн бүх эрх мэдэл шилжсэн боловч эдийн засагт нь олигтой өөрчлөлт гардаггүй, хүн ард нь хоорондоо орон нутаг, шашны зөрөөгөөрөө шалтаглан байлдаж, үргэлж иргэний дайн өрнөдөг бөгөөд түүнийг нь цэргийн хүчээр тогтоон барьж байдаг улс орнууд ч бий.
Цөөн хэдийг нь дурдахад Кыргызистан, Зимбабве, Судан гэх мэт. Ер нь бол дэлхий дээр 40 дарангуйлагч байдгаас 23-ын нь төмөр нударга дор бараг хоёр тэрбум хүн амьдарч байгаа тухай “Foreign Policy” сэтгүүлийн шинэ дугаарт бичжээ.
Гэтэл байгалийн баялагтай, нэг хүний гар дор ороогүй, хүн ард нь ардчиллын давуу талыг бодит амьдрал дээрээ мэдэрсэн Монгол шиг оронд эдийн засгийн өсөлт хүн бүрт хүртдэггүй, дэд бүтцэдээ олигтой хөрөнгө мөнгө оруулдаггүй, оруулсан нэрээр төр засгийн эрх баригчид нь хуйвалдан завшдаг оронд бас олон байна. Манайд гэхэд л хүн амын хагасаас илүү нь амьдардаг нийслэл хотын бүх газар, нийтийн хэрэглээний хөрөнгүүдийг эрх баригчид нь хуйвалдан завшдаг.
Хотын дарга нь улс төрийн намаасаа томилогддог учир иргэддээ тайлан тавьдаггүй. Улаанбаатар хотын бүх цэцэрлэг, ногоон зүлэг, ганц голынх нь бүх эргээр байшин барилга барих зөвшөөрлийг дамлан зарах нь тэдний үндсэн ажил болоод удаж байна. Дархан цаазтай гэх уулын бүх амуудаараа орон сууц барих зөвшөөрлийг хотын эрх баригчид хань хамсаатандаа хуйвалдан олгож, хахууль авчихсан. Нэгэнт барьчихсан байшингуудаа борлуулаад оршин суугчдаа оруулчихсан бөгөөд сууцны эзэмшлийн эрхийг нь өгч чадахгүй, олон мянган иргэдээ хууль бусаар оршин суугчид болгочихсон сууж байна.
Одоо дархан цаазтай газар гэж худлаа ярьснаа зөвшөөрч, нэр төрийн төдий хуулиа цуцлах л үлджээ. Энэ маягаар төр засгийн эрхийг ээлжлэн баригч этгээдүүд Монгол Улсын хуулийг гууль болгож, ардчиллыг үнэгүйдүүлж байгаа тухай олон жишээний зөвхөн нэг нь энэ.
Цөөхөн бүлэг хүмүүс, тэднийг дэмжин тэтгэгч компаниудын гарт төр засгийн эрх мэдэл бүрэн шилжиж, байгалийн баялгийг захиран зарцуулах бүх эрх төвлөрч байгаа нь ардчиллын буруу биш. Үүний жинхэнэ буруутан нь улс төрийн нам нэртэй институцууд. Яагаад гэвэл ардчилсан оронд улс төрийн эрх мэдлийг зөвхөн сонгуулиар ялсан улс төрийн намын гарт өгдөг.
Гэтэл улс төрийн намууд нь луйварчин гишүүдтэйгээ хариуцлага тооцохын оронд намаа хуйвалдааны үүр, хувь хүмүүсийн баяжих хэрэгсэл болгож, улмаар нийгэмд ёс зүйн ноцтой хор нөлөө учруулж байна. Улс төрийн намууд улс орныг удирдаж чадахгүй, байгалийн баялгийн үр шимийг ганц дарангуйлагчтай орнууд шиг эдийн засгаа бүтээн босгож чадахгүй байгаад хэргийн учир оршиж байна.
Сонгуулиас сонгуулийг хүлээсээр дөрөв дөрвөн жилээр маш их хугацаа алдаж, сонгууль болохоор ядуу иргэдийнхээ саналыг бэлэн мөнгө, хоосон амлалтаар худалдаад авчихдаг учир иргэдийн амьдрал олигтой дээшлэх биш улам бүр дордож, маргаашдаа итгэх итгэл алдагдаж байгаад Монголын иргэд бухимдаж байна.
Тийм ч учраас цөхөрсөн иргэдийн дотор энэ олон “дарангуйлагчдын” оронд ганц байвал арай хямд болох тухай яриа гарч байна. Улс төрийн намууд өсч хөгжих нь манай оронд нэг дарангуйлагчийн дэглэм тогтохын эсрэг ганцхан шийдэл билээ.
Монгол Улс ардчиллын ололт амжилтаа эдийн засгийн хөгжлөөрөө баталгаажуулах түүхэн шаардлага бидний өмнө тавигджээ.
Бид ардчилсан, хөгжин цэцэглэсэн эх орондоо амьдармаар байна. Үүнийг бид өөрсдөө байгуулах бөгөөд улс төрийн намууд нэмэр болж чадахгүй бол ядаж нэрмээс болохгүй байгаач ээ.