Өнгөрсөн 50 жилд Монголын төр, засгийн удирдлагын үйл ажиллагааны арга барилд зарчмын өөрчлөлт гарсангүй. Харин гарсан гэж ярьдаг улстөрчид л олон боллоо. Яагаад гэвэл төр, засгийн удирдах албан тушаалд очсон бараг хүн бүр өөрийгөө хэмжээгүй эрхтэй хаан болгож, иргэддээ хамжлагын тариачин шиг хандаж, бүхнийг захиран шийдэх аргаар хандсан хэвээрээ байна. Нийгмийн үндэс суурь болох өмчийн харилцааг өөрчлөн, эдийн засгаа зах зээлийн замаар хөгжүүлэх хууль, журам гаргасан ч нийгмийн бусад харилцааг зохицуулахдаа төр засаг өөрийн дассан, социализмын хуучин арга барилаасаа агуулгын хувьд салж чадахгүй байна.
Үндэстний давуу талаа тодруулан хөгжүүлэхэд Засгийн газар хамгийн чухал үүрэг гүйцэтгэх тухай ойлголт үндэсгүй болохыг Харвардын Их Сургуулийн шинжээчид тогтоожээ. Төр, засаг өөрийгөө эдийн засгийн салбар бүрд туслагч, дэмжигч үүрэгтэй гэж үзэх нь тухайн салбарын компаниуд урт хугацаанд өрсөлдөх чадвараа хөгжүүлэхэд нь саад болж, улмаар эдийн засгийн тасралтгүй сайжрах боломжийг алдагдуулдаг байна. Манай улсад жишээ нь, өргөн хэрэглээний гол гол барааны үнийг өсгөхгүй байхын тулд тодорхой барааг (мах, шатахуун гэх мэт) бөөнөөр нь худалдан авч удтал хадгалж байгаад, нийлүүлэлт хомсодсон үед зах зээлд гаргаж, доогуур үнээр борлуулдаг.
Энэ “тусламжийн” бодит өртөг (хадгалалтын зардал, алдагдал, борлуулагчийн сонголт болон тээврийн зардал) борлуулж байгаа үнээсээ хамаагүй өндөр болдог. Энэ бол үнэндээ нийгмийн нэг хэсгийг нь нөгөө хэсгийнх нь мөнгөөр дэмжих гэсэн орлогыг дамжуулах улс төрийн бүтэлгүй үйл ажиллагааны нэг. Энэ “тусламжийг” улс орны хэмжээнд авч үзвэл материаллаг алдагдлаас гадна тэр салбарын компаниудын өрсөлдөх эрмэлзэл, хүсэл зоригийг мохоож, оронд нь зарим бизнес, улстөрчдийн харилцааг хэт ойртуулж, хээл хахуулийг хөхиүлэн дэмжиж байгаа учир нийгэмд материаллаг биш томоохон гарз учруулж байна. Тусламж зөвхөн тусламжийн хэрэгцээг өсгөхөд л тусалдаг. Харин эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэхэд төр, засгийн гүйцэтгэх хамгийн гол үүрэг бол шахагч, соригч байх явдал гэж шинжээчид үзэж байна.
Улс орон өрсөлдөх давуу талаа тодруулан хөгжүүлэхийн тулд Засгийн газар нь бизнесийн орчин нөхцөлийг сайжруулахад анхаарахын зэрэгцээ бизнесийн өрсөлдөөнийг бүх талаар дэмжих шаардлагатай ажээ. Харин хөдөлшгүй ганц зарчим бол хүний аюулгүй байдал, байгаль орчинд нөлөөлөх стандартыг маш нарийн тогтоож, чанд мөрдүүлэх ёстой. Жишээ нь Испани улсад барилга байшин барихад тавих шаардлага өндөр, маш тодорхой байдаг бөгөөд төрийн холбогдох бүх институци тэдгээр стандартуудаа ягштал баримталдаг. Барилгын компаниуд өндөр шаардлагыг биелүүлж ашигтай ажиллахын тулд хамгийн сайн технологи нэвтрүүлж, үргэлж шинийг санаачлан өрсөлдөж ажилладаг учир энэ улс дулаан, хүйтэн, дуу чимээ тусгаарлагч хана цонх, төлөвлөлт, загвараар хамгийн сайн байшин барилгатай хэмээн Европтоо алдаршжээ.
Засгийн газар бизнесийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэхийн тулд шаардлагатай дохиог цагт нь өгөх бас үүрэгтэй. Жишээ нь Японы засгийн газар 70-аад онд Японы бараа хямдхан, тааруухан гэсэн имижийг өөрчлөх зорилгоор чанартай холбоотой бүх стандартаа сайжруулж, Демингийн гэх алдарт шагналыг бий болгосон нь компаниуд бизнесээ төлөвлөхөд нэн чухал дохио болжээ. Төгс чанарын баталгаа болсон энэ шагналыг авах нь компанийн нэр хүндийн хэрэг болсон учир арваадхан жилийн дараа Япон л гэвэл чанар хэмээн сонсогдох болж, удалгүй бараг бүх компани бүтээгдэхүүнээ экспортолж эхэлжээ.
Гэтэл манайд олон нийтийн зарим байгууллагууд хамгийн их татвар төлснөөр нь компаниудыг жагсааж (уг нь татвар төлсөн эсэх нь төрийн хэрэг баймаар), дээрээс нь таслан ангилж, шагнал гардуулахтай холбоотой зардлаа хэд нугалан өөрөөр нь төлүүлж ”урамшуулдаг” гэрчилгээг эс тооцвол Монголын төр энэ талаар ямар ч бодлогогүй бололтой. Зөвхөн татварын оролцоогоор хэмждэг тэр шагнал нь үйл ажиллагааны онцлогоосоо хамаарч тэртэй тэргүй онцгой татвар өгөх ёстой архи, тамхи, шатахуун борлуулдаг компаниудыг ялгаж салгадаггүй нь бүр хачирхалтай.
Компаниудын гол зорилго бол татвар төлөх биш, харин тухайн салбартаа өрсөлдөх чадвартай байж, бизнесийн цар хүрээгээ тэлэх, өөрийн бүтээмжээр ялгаран зах зээлд байр сууриа бэхжүүлж, өндөр ашиг олох явдал. Эдийн засгийн салбар дахь төр, засгийн гол үүрэг нь аж ахуйн байгууллага бүр хөдөлмөрийн бүтээмж, хөрөнгийн өгөөжөө нэмэгдүүлэхийн төлөө тасралтгүй хичээж, үргэлж шинийг санаачлах дотоод хэрэгцээг бий болгоход оршино. Төр засаг бизнесийн үйл ажиллагааг дэмжих, туслах биш, харин шахах, сорих үүрэгтэй.