Монгол Улс эдийн засгаа зах зээлийн жимээр чирч, унаж бүдэрч байсан ч гадаадын донор орнуудын тусламж дэмжлэгтэйгээр босож, сэргэсээр явж ирсэн 20 жилээ эргэн харж, алдаа оноогоо бодитой дүгнэх цаг болжээ. Бид үндэсний бодлогоо, эрч хүчээ юунд төвлөрүүлж, ямар үр дүнд хүрснээ цэгнэж, хаана юуг бүтээн бий болгох тухайгаа ажил хэрэгчээр хэлэлцэн, дараачийн 20 жилийн стратегиа тодорхойлох хэрэгтэй байна. Нөгөө талаас Монгол Улс дэлхийн ашигт малтмалын газрын зураг дээр улам бүр гялалзан тодорч байгаа, бас дэлхийн хамгийн том хэрэглэгчийн дэргэд байршилтай учир уул уурхайн аж үйлдвэрийн аварга загаснууд нухацтай ажиглаж, зарим нь аль хэдийнэ орж ирээд байна. Дахин нөхөгддөггүй үүц болох байгалийн баялгаа задлан хэрэглэх гэж байгаа учир монголчууд бид одоогийн асуудлуудаа шийдэхээс гадна, хойч үе маань өвлөн авахуйц өөр баялаг бүтээх учиртай. Нийгэм, эдийн засгийн хөгжлөө уул уурхайн баялагтаа тулгуурлан оновчтой, өгөөжтэй хөгжүүлэхэд чиглүүлсэн төрийн бодлогын шинэ стратеги бидэнд хэрэгтэй байна. Шинэ нөхцөл байдал, шинэ сэтгэлгээг шаардаж байгааг анзаармаар байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төр засаг макро эдийн засгийн асуудалд голлон төвлөрч, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад анхаарч ирлээ. Макро буюу эдийн засгийн “том зургийн” бодлого нь нийгмийн нийт бүтээгдэхүүний хэмжээ, ажлын байрны тоог нэмэгдүүлэх, бараа үйлчилгээний үнийг тогтвортой байлгах, гадаад худалдааг тэнцвэржүүлэх зэрэг дөрвөн зорилгыг агуулдаг. Энэ үүргээ ээлжлэн солигдож байсан Монголын Засгийн газрууд, өөрийн гол зээлдүүлэгч Олон Улсын Валютын Сангийн шахалт дор алдан, онон гүйцэтгэж ирсэн бөгөөд бас ч багагүй туршлага хуримтлуулав. Гэвч макро эдийн засгийн бодлого ямар ч сайн байлаа гээд түүнийг дэмжсэн микро эдийн засгийн оновчтой бодлогогүйгээр амжилтад хүрдэггүй гэдгийг хөгжиж байгаа бусад олон орны адил Монголын төр засаг тооцсонгүй. Макро эдийн засгийн харьцангуй тогтвортой байдал дангаараа тухайн улсын эдийн засгийн хөгжлийн гол зорилт буюу иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд чухал шаардлагатай боловч хангалттай нөхцөл биш юм. Эдийн засгийн бодлогоо цогц явуулж чадаагүй учир зөвхөн төр засгийн макро шийдвэр гаргагчид, тэдний тойрон хүрээлэгчдийн амьдралын түвшин онцгой дээшилснийг саяхан нийтэд зарласан Их Хурлын гишүүд, улс төрийн бусад томоохон албан тушаалтнуудын сүүлчийн жилүүдийн орлогын өсөлт тод харуулав. Эдийн засгийн хазгар бодлогын үр дүнд манай нийгмийн хямрал гүнзгийрч, иргэдийн ихэнх нь ядуурчихаад байна. Ерөнхийлөгч 2009 оны сонгуулиар “ард түмнээсээ баян дарга нартай боллоо” гэж онож хэлсэн. Эдийн засгийн бодлогын тэрхүү хангалттай нөхцөлийг микро эдийн засгийн бодлого буюу тодорхой салбарын түвшний бодлогоор бий болгодог. Монголын төр засаг тодорхой аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогууд гаргаж байсан ч зарчмын үр дүнд хүрсэнгүй. Тогтвортой хөгжил аль ч салбарт бий болоогүй бөгөөд харин төр засгийн оролцсон бүх салбарт өрсөлдөөн хуйвалдаанаар солигдож, бизнес-төр засгийн нягт “холбоо” дараачийн сонгууль хүртэл бэхжиж, үр дүнд нь хээл хахууль цэцэглэн, төрийн түшмэд л баяжлаа. Өнгөрсөн 20 жилд Монголын эдийн засаг халууртлаа улстөржиж, хүн бүр намын гишүүн болох өнгөрсөн нийгмийн ялзарсан сэтгэлгээ хүчтэй сэргэж байна. Уг нь макро эдийн засгийн тогтвортой байдлаа микро эдийн засгийн оновчтой бодлогоор дэмжих гэдэг нь бизнесийн салбар бүрт чөлөөт өрсөлдөөн бий болгохыг хэлдэг. Чөлөөт өрсөлдөөний нөхцөлд хүмүүс өөрийн амьдралаа дээшлүүлэхийн тулд арга ухаан, авьяас чадвараа уралдуулан, үр дүнд нь бусдад шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг харьцангуй бага үнээр нийлүүлэх шаардлага бий болдог. Өрсөлдөөнийг бүтээмжийн бодлогоор бүрдүүлдэг. Тодорхой бүс нутаг, орон, байршлыг дагасан бизнесийн бөөгнөрөл тухайн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөгч компаниуд эхлээд дотоодын эрэлт хэрэгцээг бүрэн хангаад, улмаар гадаад хөршүүд рүүгээ бизнесээ тэлж өргөжүүлдэг. Дутаад байгаа микро эдийн засгийн бодлогын мөн чанарыг бүрэн ойлгож, өөрийн хөрсөнд тохируулан буулгаж, яаралтай хэрэгжүүлэхгүй бол ядуу иргэд босож, нийгэмд тогтворгүй байдал ямар амархан үүсдэгийг “Долдугаар сарын 1” харуулсан бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбай дээр өлсөж байгаа тэмцэгчид, мөн энэ өдрүүдэд Кыргызэд болж байгаа үйл явдлууд сануулж байна. Бүтээмжийн бодлогыг бүтээлчээр хэлэлцэх цаг үеийн бас нэг шаардлага бол аль хэдийнэ эхэлчихээд байгаа Монголын өмнөд бүсийн бизнесийн бөөгнөрөл юм. Энэ бөөгнөрөл микро эдийн засгийн зөв бодлогоор явж чадвал газар доорх баялаг маань газрын дээрх баялгаар солигдоно, эс чадвал хоосон нүх л үлдэнэ. Тэгэхээр эдийн засгийн стратеги бодлогоо шинэчлэх цаг нэгэнт иржээ.