Японд очих бүр энэ ард түмний хөдөлмөрч чанарыг харж бахдах юм. Япончуудын дотоод хөдөлгөгч хүчийг ойлгох хүсэл өөрийн эрхгүй гадаадын хүн бүрт төрдөг. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн он жилүүдэд ч, өсөлт нь буурсан сүүлийн арваад жилд ч, энэ орон улам бүр өнгө орж, амьдралын орчноо төгс болгосоор байна. Социализмын үеийн хэллэгээр "Капитализм ялзарч байна, гэхдээ үнэр нь их сайхан юм".
Гайхамшигтай ухаалгаар зохион бүтээсэн биет зүйлүүд нь, түүний дотор дэд бүтэц, агаарын, усан болон газрын замын сүлжээ, усан хангамж болон эргэлтийн систем, дэлхийн хамгийн том хот гэхэд Токиогийн цэвэрхэн агаар, хотын цэцэрлэг, микро орчныг бүрдүүлсэн, барьсан байшин, хийсэн бүтээсэн бүх зүйлийг нарийвчлан харахад үнэхээр ганц ч алдаа олдохгүй, жинхэнээсээ "Япончилчихсон" байх юм.
Аль ч орны ололт амжилтын суурь, иргэдийх нь эдэлж хэрэглэж байгаа бодит болон оюуны бүтээгдэхүүний чанар, нийгмийн амьдралын нөхцөл нь хувь хүний оюун санаагаар spirit тодорхойлогддог гэдгийг Япон орон хамгийн тод илэрхийлдэг.
Нийгмийн аль ч давхаргад харъяатай бай, Япон хүн нэгэнт барьж авсан бол ямар ч ажлыг төгс хийх ёстой гэж үздэг юм байна. Ямар ч газраар орсон хийж байгаа ажилдаа төвлөрөөгүй, өөрийгөө хийж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ илүүтэйгээр илэрхийлэх хүн харагдахгүй юм
Энэ үндэстний нийгмийн амьдралыг бүрдүүлж байгаа суурь оюун санааг "бүшидо" гэдэг. Энэ бол 1868 он хүртэл бараг найман зуун жилийн турш Япон орныг засаглаж байсан самурай ангийн ёс зүйн систем. Бүшидо оюун санаа нь самурайн ангитайгаа цуг алга болоогүйгээр үл барам цаг хугацааны явцад харин ч утга агуулгын хувьд баяжин, сайн ч, саар ч, аль ч цагт Япон үндэстний эрч хүчний нөөц нь болж, Япон хүн байсан цагт хэзээ ч алга болохгүй гүнзгийгээр яс маханд нь шингэжээ.
Энэхүү оюун санаа нь Япон хүний гүн ухаан, сэтгэлийн итгэл үнэмшлийн суурь болж, улмаар хүмүүс хоорондын харилцааны ёс жаяг, гэр бүлийн амьдрал, хувцаслалт, ажиллах хэв хэмжээ, зөвхөн наад захын шаардлагатай зүйлээр өөрийгөө болгох эестэтик мэдрэмж, бүр амарч баясах хүртэлх амьдралын бүх талыг нь чиглүүлэн залдаг юм байна.
Биет болон оюун санааны ертөнц харилцан бие биенээ бүрдүүлдэг, тэдгээрийг салгах, харилцааны тэнцвэрийг алдуулахад нийцэхээ болихыг Япончууд эрт дээр үеэс ойлгожээ. Тэд амьдрахын тулд дадлага туршлагатай болохын адилаар оюун санаагаа хөгжүүлэх шаардлагыг зэрэг тавьдаг. Бүши дайчин до зам гэдэг нь дайчин эрийн оюун санаа ба түүний чадвар, дадал гэсэн утгатай.
Өнөөдөр бизнесийн дээд амжилтад хүрсэн Япон хүн бүрийн гол зарчим бол бүшидо гэж тэнд олон жил амьдарсан гадаадын хүн надад хэлсэн юм. Японы менежментийн удирдлагын зарчим нь дарга хүн бүр үйл ажиллагааны алхам бүртээ өөрөө биечлэн хариуцлага хүлээдэг, хүмүүстээ ойлгомжтой, үнэн сэтгэлээсээ, ялгатгүй, шударга харилцдаг, нэр төрөө хүндэлдэг, хэмжээ хязгааргүй эрч хүчээ дайчлан ажилладаг.
Япон хүн самурайн засаглалын үед эзэн ноёныхоо төлөө үйлчилж байсан бол одоо хэрэглэгч, үйлчлүүлэгчийн төлөө үйлчилж байгаагаар л эрин үеийн бүшидо ялгаатай. Саяхан "Тоёото" компанийн захирал А.Тоёода машины үйлдвэрлэлд нь алдаа гарсан тухайгаа Америкийн конгресст очиж тайлбар тавихад бүшидо хандлага нь харагдаж байсан.
Японд өргөнөөр хүлээн зөвшөөрч, бүгд даган мөрдөж байгаа ёс зүй бол хүн маш даруухан байх, хүний анхаарлыг өөртөө татахгүй байх, өөрийн авъяас чадварын тухай ярихгүй байх, өөрийн хүрсэн ололт амжилтаа хөөргөхгүй, бусдын амжилтыг хүндлэх зэрэг самурайн журмаас үүдэлтэй. Нэгэн алдартай пивоны сурталчилгаа: "Жинхэнэ эр хүн чимээгүй л байдаг юм. Саппоро" гэсэн байсан.
Энэ үзэл бодлыг нь ойлгон мэдэрч, хүндэтгэн хандаж чадвал Монголчууд бид Япон оронтой бүрэн хэмжээгээр хамтран ажиллах болно.
Мөн самурайгаас дутахгүй эр зоригтой, алдар гавъяатай Монголчууд бидний оюун санааг илэрхийлсэн, амьдралынхаа алхам бүрт баримтлах ёстой Монгол "Бүшидо"-гоо энгийн ойлгомжтойгоор бичгээр буулгаж, дотроо шингээж чадвал бидний ололт амжилтад ихээхэн нэмэр болох байх даа.
Токио-Улаанбаатар