Ардчилсан орны нийгэмд улс төр биш хууль засагладаг. Хуулиа дагаж мөрддөггүй оронд хүн хүндээ итгэх баталгаа байдаггүй учир, ой ширэнгийн хууль үйлчилдэг. Ой ширэнгэд хэн ч, юу ч хийж болох бөгөөд зөвхөн бусдаас хүчтэй л байх хэрэгтэй. Хүчтэй нь хүчгүйгээ эрхшээлдээ оруулдгийн адилаар хуулийн засаглалгүй оронд хар хүч л засагладаг.
Ардчилсан төрийн гол зорилго бол хуулийн засаглалыг хангах явдал бөгөөд төр өөрөө хуулийн засаглалын гол бүтээгч, хэрэгжүүлэгч, бас түүний оршихын баталгаа болдог. Энэ утгаараа хуулийн засаглалын эх булаг нь аль ч оронд хууль тогтоогч дээд байгууллага байх бөгөөд тэр нь доошоо орон нутгийн бүх шатандаа үндсэн үүргээ биелүүлэх учиртай.
Тухайн оронд нийтийн болон хувийн эзэмшлийн хөрөнгийг төр яаж хамгаалж байгаагаар тэр орон хуулийн засаглал, ширэнгийн засаглалын аль цэгт байгааг шууд мэдэж болно.
Тэгвэл Монгол Улс энэ үндсэн шугамын ямар цэгт нь оршиж, хаашаа хөдөлж байгаа бол?
Бүх хөрөнгө нийтийн эзэмшлийн байх үед бид хувьсгал хийж, 1990 оноос хойш хувийн хөрөнгө бий болгохын төлөө ажилласан. Хувийн хөрөнгө оршин тогтнох гол үндэс болох зах зээлийн харилцааг бүрдүүлж ирсний үр дүнд хорин жилийн дараа монголчууд хувийн хөрөнгөтэй болж эхэлсэн билээ. Олон мянган хүн өөрийн хүч хөдөлмөр, идэвх санаачилгын үр дүнд хөрөнгөжин баяжиж, түүнийг дагаад нийгмийн баялаг нэмэгдэж байна.
Нөгөө талаас хувийн эзэмшилд бүрэн шилжих боломжгүй нийтийн эзэмшлийн хөрөнгө аль ч нийгэмд байдаг. Үүнд хамтын эзэмшлийн олон янзын бүтэц, парк талбай, дэд бүтцийн барилга байгууламж, уудаг ус, амьсгалдаг агаар зэрэг олон төрлийн баялгууд багтана. Нийтийн эзэмшлийн эдгээр хөрөнгийг төр хамгаалж, арвижуулах үндсэн үүрэгтэй. Гэтэл хамгаалах ёстой төрийн ажилтнууд нь түүнийгээ хулгайлан, ил далд хуйвалдан завших үзэгдэл манай нийгэмд улам бүр газар авч байгаа нь хуулийн засаглал гэхээсээ ширэнгийн засаглалыг бэхжүүлж байгаа хэрэг мөн.
Нийтийн эзэмшлийн хөрөнгийг улс төрийн намуудын нэрээр гарч ирсэн хэдхэн бүлэг этгээд хамсан цөлмөж, хуулийн засаглалыг таягдан зайлуулж, өөрсдийн засаглалаа тогтоож байна. Улс төрийн эрх баригч хоёр том намуудын удирдлага харилцан тохиролцож, бие биенээ дэмжин өөгшүүлж, нийтийн хөрөнгийг ээлж дараалан, хотонд орсон чоно шиг сүйтгэсээр ирэв. Иргэд бид хэчнээн хэлж шаардаж байгаа ч элдвээр хуурч нуусаар, нэг хэсэг нь хэлж болдог ч нөгөө хэсэг нь аргалж болдог, нээлттэй ил тод мэт хэрнээ зузаан шилний цаана орших өвөрмөц нийгмийн харилцаа тогтож байна.
Сонин, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл эрх баригч эрхтэн дархтнуудын гарт шилжсэн учир зөвхөн тэдний хооронд, хөрөнгө хуваах үеийн их, бага дайн гарах үеэр идэвхжиж, ард түмний сонирхлыг хамгаалах нэрээр тархи угаадаг машин болж хувирав.
Төрийн эрх баригчид дээрээсээ дороо хүртэл нийтийн эзэмшлийн хөрөнгийг хамгаалахын төлөө бус, хувьдаа завшихын тулд ажилладаг хэрэгсэл болж хувирсан учир хуулийн засаглалыг ширэнгийн засаглалаар нэн хурдтай, маш эрчтэй солин хувиргаж байна.
Энэ үйл явц хамгийн дээд талаасаа эхлэн доошилсоор, нийгмийн суурь руу өрөмдөн нэвтэрч, бэхжиж байна. Нийтийн эзэмшлийн байсан бүх хөрөнгийг Их хурлын төвшинд төрийн өмч гэж нэрлэж байгаад хувьчилж эхэлсэн бөгөөд тухайн үеийн төрийн түшмэлүүд л хувьдаа завшсан. Тэдний засаглал аажмаар бэхжиж, нийгмийн бүх салбарт нөлөө нь улам бүр өссөөр ирлээ.
Дараагийн давалгаа Улаанбаатар хотыг нөмөрч, нийтийн эзэмшлийн бүх газар, үл хөдлөх хөрөнгө дээр тухайн үеийн хотын удирдлага, иргэдийн төлөөлөгчид туйлсан. Газар авч дамлаагүй, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хашаанд байшин барьж зараагүй, хотын аль нэг хөрөнгө, ямар нэг үйлдвэр, аж ахуйн газрыг шууд ба шууд бусаар хувьдаа завшиж амжаагүй Иргэдийн төлөөлөгч байхгүй л болов уу.
Нийтийн эзэмшлийн хөрөнгийг зохион байгуулалттай завшин дээрэмдэх ажил улам хүчээ авч, төр засгийн ордон, Улаанбаатар хотын захиргааны хүрээ хязгаараас хэдийнэ хальж, эдүгээ аймаг, дүүргүүдэд ид өрнөж байна.
Өнөөгийн байдлаар Хэнтий аймагт Засаг даргаа огцруулах хөдөлгөөн түр намжсан ч, Баян-Өлгийд суултын түвшинд үргэлжилж байна. Улаанбаатар хотын хоёр ч дүүрэгт (Хан-Уул болон Сонгинохайрхан) Засаг даргаа огцруулах Иргэдийн хурлын гишүүдийнх нь шаардлага ихээхэн өндөр авч, нэлээд чимээтэй өрнөн шуугиж байна.
Засаг даргын эсрэг тавьж буй ихэнх шаардлагын суурь нь нийтийн эзэмшлийн хөрөнгийг хамгаалах нэрээр завшихтай холбоотой асуудал байгаа юм. Баянгол дүүргийн дарга харин Их хурал болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг дээд удирдлагын туршлагыг амьдралд овжин хэрэгжүүлсэн байна. Тэрбээр дүүргийнхээ Иргэдийн хурлын төлөөлөгч бүрт зуслангийн газар өгч амыг нь таглаад үндсэн ажилдаа оржээ. (Ардын эрх. 2010.01.08 Нүүр 5). Их хурал дээр Д.Энхбат гишүүн өөрийн мэдлийн нэг тэрбум төгрөгөөс татгалзсан шиг би зуслангийн газраасаа татгалзана хэмээн тэр дүүргийн нэг төлөөлөгч мэдэгдсэнээр даргын башир арга илэрсэн гэнэ.
Харамсалтай нь ингэлээ гээд юу ч болохгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хэн нь ч газраа буцааж өгөхгүй, их сайндаа бусдад зарж, хожоо гаргана. Улс төрийн намууд дотроо жигүүр ургуулсан нөхдийг албан тушаалаар худалдаад авчихна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан бүх мэдээлэл үнэн байлаа гээд түүний дагуу төр засаг ямар ч арга хэмжээ авч чаддаггүй. Нөгөө этгээдүүд улам өнгө орон гялалзаж, харин ч албан тушаал ахисаар байдаг билээ. Яагаад гэвэл тэдний аль нэгийг өөрчлөнө гэдэг нь өөрийгөө, хуйвалдагчдаа илрүүлэх осолтой учир хэн ч, хэзээ ч нийтийн эзэмшлийн хөрөнгийг завшсаны төлөө хариуцлага хүлээгээгүй.
“Чадаж байгаа юманд арга алга” гэдэг нь ой ширэнгийн засаглалыг хүлээн зөвшөөрсний бодит илрэл юм. Ширэнгэд “хувааж аваад захир” гэдэг зарчим үйлчилдэг. Энэ бол манай төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим биш гэж үү?