Орлогоосоо илүү зарлагатай айл гаднаас зээлнэ үгүй бол тусламж гуйна. Бүр болохгүй бол эд хөрөнгөө зарж нэг үзээд, эцэст нь хоосорч ядуурна. Эрх танхи өссөн залуу гэр бүлээ тэжээж чадахгүй бол эргээд аав ээжээсээ гуйна. Зарим нь сүүлдээ энэ байдалдаа бүр дасчихна. Тэд өгөх ёстой гээд итгэчихсэн, зардлаа багасгах, орлогоо нэмэгдүүлэхийн аль алийг нь мартчихсан байх нь бий. Цаг нь ирэхээр гуйгаад, туниад авчих юм чинь, болно доо гэсэн гуйлгын, тодлруулгын сэтгэлгээ тэдэнд үйлчилнэ.
Ийм эрх айл шиг улс орнууд бас байдаг. Бид хэдийнээ түүний нэг нь болчихжээ.
Манай улс бодитой баланс гаргаж эхэлсэн 1991 оноос хойш зэсийн үнэ хамгийн өндөр байсан. 2008 оноос бусад жилүүдэд улсын төсвийн зардлаа орлогоосоо үргэлж хэтрүүлсээр ирсэн. Үрэлгэн зарлага нь багахан орлогоо даваад ирэхээр гадаадын орнуудаас (донор) гуйж гувшина.
Тэгээд ч баян аавын адил том орнууд ядуу орнуудад туслах зорилгоор дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг зарцуулах шийдвэрийг олон жилийн өмнө гаргасан. Түүнийг нь үнэхээр хэрэгтэй зүйлд авч, ухаалаг зарцуулсан орнууд өсөж өндийж, эдийн засгаа хөл дээр нь босгож тэдэнтэйгээ “иж бүрэн түншлэлийн” түвшинд харилцаж, хамтран ажилласаар ирсэн жишээ цөөнгүй бий.
Манайх шиг төрийн үрэлгэн зардлаа нөхөхийн төлөө гадаадын зээл тусламж авсан ихэнх орон хэзээ ч хөл дээрээ босоогүй. Тусламж гэж авсан нь нэхэгддэггүй, харин өр тавьж авснаа төлөх цаг болохоор голдуу л тэглүүлэх, өршөөлгөхийг хүсдэг. Зээл тусламжийн бодит үр дүнг нэмэгдүүлэх тухай, эдийн засгаа хэрхэн сэргээх талаар тусламж өгдөг, авдаг бүх орон цуглаад 2000 онд Парисын Тунхаглал гэдэгт гарын үсэг зурцгаасан.
Манай Сангийн сайд мэдээж, тэдэн дунд байсан. Түүнээс хойш жил бүр, дэлхийн аль нэг улсад төр засгийн баахан түшмэл явж бас л Тунхаглалын заалт ёсоор амладаг. Харин үр дүн гардаггүй, жил бүр л алдагдал гаргадаг. Өнөөдөр Монголын төр засаг үрэлгэн төсвийн алдагдлаа гаднаас гуйж авч нөхдөгтөө бүрэн дасчихсан, төсвийн алдагдлаа зээл тусламжаар нөхөх тухай бүр хууль гаргадаг болсоор удаж байна.
Бусдын мөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгийг, дараа нь зээл тусламжийн мөнгийг (тэр бол гадаадын орнуудын хувьд бас л нөгөө татвар төлөгчдийнх нь хөрөнгө) хаана юунд зарж үрснээ ойлгомжтой тайлагнахгүй болоод л байгаа юм чинь аргагүй дээ.
Зээлийн хувьд өгсөн авснаас хойш ихэвчлэн 20-30 жилийн дараа төлөх учир баян тал нь илүү орлоготой болдгийн адил үрэлгэн тал нь бараг илүү ядуу болдог бөгөөд өрөө өршөөхийг гуйж явсаар сансандаа хүрдэг. Энэ ажил манайд хойтонгоос эхлэх байхдаа. Гадаад харилцаа ингэсээр муу зээлийн харилцаанд шилжинэ гэсэн үг.
Тусламжийн хувьд бас юу л өгнө, аваад байх нь бас л учир дутагдалтай. Түүнийг уг нь тусгай бодлоготойгоор эдийн засгаа өрсөлдөх чадвартай болгох, аль нэг их дээд сургуульд хамгийн орчин үеийн технологи дээр суурилсан лаборатори авах, гадаадад нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлдэх (хүмүүсээ эргэж ирүүлэх) зэргээр алсаа бодож, “холыг харж” авах хэрэгтэй юм.
Гэтэл манай засгийн газар үрэлгэн зардлаа нөхөх “хойшоо харсан” бодлого баримтлан, Монголын хувийн компаниудын хийсээр ирсэн, хийж чадаж байгаа зүйл дээр тусламж авч байгаа нь харамсалтай. Зээл тусламж өгч байгаа оны Засгийн газрын гүйцэтгэгч байгууллагад манайх шиг бүдүүн баргийн, бодь хүмүүстэй ажиллах тун амархан байдаг байх даа.
Өгч байвал юу ч хамаагүй авдаг нь бидний арга барил. Тэгээд ч зээл тусламжаар өгсөн мөнгөө тэд өөрсдийн компаниуддаа шалгаруулан олгодог. Тэд хоёр засгийн газрын тохиролцсон барааг аваад манайд нийлүүлнэ. Түүнийг нь манай засаг, төр дотоодын аль нэг компанийг “сонгон шалгаруулах” замаар дотоодын зах зээл дээр дамжуулан нийлүүлээд олсон мөнгөө ууж идэж, төсвийн цоорхойг нөхдөг.
Төр засгийн энэхүү “алсын хараатай” бодлогын үр дүнд тухайн барааг (улаанбуудай, гурил гэх мэт) үйлдвэрлэдэг, эсвэл импортоор оруулдаг (бензин) бизнесийн салбарт түр зуурын томоохон гажилт гарч, арын хаалгагүй тоглогчид дампуурдаг.
Өөрсдөө юунд зээл тусламж авахаа сайтар бодож алсыг хараагүй мөртлөө дээр дурдсан асуудал үүсэж, иргэд болон бизнесийхэн гомдол гаргаад ирэхээр “бэлгийн морины шүдийг үздэггүй” гэж хоосон цэцэрхэн цаагуураа өгсөн тал руу чулуу шидэх гээд байдаг.
Асуудал зээл тусламж өгсөн талд биш бидэнд өөрт байгааг иргэд харж байгаа. Үрэлгэн хэрэгцээгээ багасгаж, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлж, гадаадын зээл тусламжийн бодлогыг ухаалаг чиглүүлэхэд ЭРХ ОРНЫ төр засаг анхаарах цаг хэдийнээ болжээ.