Улаанбаатар хотын аймшигт утаа, там шиг зам, сүүтгэр гэрэлтүүлэг, гэр хорооллын түмэн асуудлын тухай иргэд бид хоолойгоо сөөтөл ярьж байгаа ч үр дүн гарахгүй байна. Яагаад тэр вэ?
Үндсэн шалтгаан
Гол шалтгаан нь хотын иргэд өөрсдийн бий болгосон үнэт зүйлийг нийтийн хэрэглээнд захиран зарцуулах боломжгүй буюу биднээс хураасан татварын дийлэнхийг төр засаг төвлөрүүлэн хураагаад буцааж бараг өгдөггүйд, басхүү иргэд хотын даргаа сонгодоггүй, оронд нь улс төрийн намын аль нэг дарга түүнийг томилдогт оршиж байна.
Хэтэрхий төвлөрсөн, дэндүү үрэлгэн улсын төсвийн хуваарилалтыг нийслэл болон аймгууд, сум багтай адил горьдож суугаа нь цаг үеэсээ үнэхээр хоцорсон гэдгийг төсөв баталдаг Их хурлын гишүүд маш сайн мэддэг ч Улаанбаатар хотын асуудал тэдний хувьд эн тэргүүнийх биш.
Монголын хүн амын хагас нь нийслэл хотод байдаг ч Их хурлын гуравны нэг нь л (76-гаас зөвхөн 25 нь) Улаанбаатарыг төлөөлдөг. Уг нь Их хурал хэрвээ иргэн бүрийг төлөөлдөг бол тэн хагас нь нийслэл хотоос баймаар. Их хурлын гишүүн бүр өөрийн тойрогт зарцуулна гэж 500 сая төг чимээгүйхэн авдгаа 2010 онд бүр нэг тэрбум болгож байгаагийн хагас нь хотод ирэхгүй гэсэн үг. Энэ нь Их хурал өөрөө Сангийн яам болж байгаа гаж зуршил. Бага боловсролтой, ядуу сонгогчдыг татвар төлөгчдийн мөнгөөр хахуульдан хуурч байгаа башир арга.
Ямар ч гэсэн Улаанбаатар хотын хүн амын гуравны нэг нь хууль тогтоох газарт өөрийн төлөөлөлгүй, шоовдорлогдож байна. Үнэхээр шоовдор гэдэг нь хөрөнгө оруулалт ярих үед онцгой тодордог. Жишээ нь: 2010 онд орон нутагт 400 км, Улаанбаатар хотод 8 км зам тавих юм гэнэ. Нийслэлийн захын хорооллоор гэрэл, цахилгаангүй айл багширч, барагтай аймгийн төвөөс хэд дахин том болчихоод байна. Ерөнхий боловсролын дунд сургуулиудад 40-50 хүүхэд нэг ангид сууж байна. Хотын хүн амын хагас нь ундны усаа хаа нэгтэйгээс зөөж, нүүрс түлж, усанд орж чадахгүй, гаднаа жорлонтой “соёлжин иргэншиж” байна.
Хотын даргад энэ байдал яг үнэндээ тийм их хамаатай биш. Хотын дарга гэж иргэдээс сонгогддоггүй, улс төрийн намаас илгээлт авдаг этгээдүүд бидний амьдралыг сайжруулах зорилго хэзээ ч тавьж байгаагүй. Түүнийгээ тэд өөрсдөө ч сайн мэддэг. Тийм ч учраас Их хурлын сонгууль болохоор хөдөө явж дэвшдэг. Улаанбаатар хотын дарга гэж хорвоо дэлхийн дээгүүр баахан тэнэж, өөрийгөө рекламдаж байснаа, гэнэтхэн хөдөөний депутат болчихдог.
Ийм шал өөр зорилготой хотын дарга ба түүний багийнхан иргэд бидний амьдралын тав тухыг нэмэгдүүлэхийн оронд байгаа хөрөнгийг нь үрэн таран хийж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нь хуйвалдан устгаж, оронд нь зочид буудал, ордон бариулж, дэд бүтэцтэй холбож болох чөлөөт бүх газрыг нь гувчуулаад үндсэнд нь дууслаа.
Тэд хот төлөвлөлтийг байж болох эмх замбараагүйн хамгийн дээд төвшинд хүргэв. Хот ямар байж болохгүйг бодитоор үзүүлж, дэлхийн хамгийн их бохирдсон, уушигны дайсан хот болгосонд хотын дарга нартаа иргэд гүн “талархаж” байна.
Хийх алхам
Улаанбаатар хотын дотор байгаа томоохон аж ахуйн нэгжүүдийг Улсын татварын газар, дунд зэргийнхийг нь хотынх, багавтрыг нь дүүрэг хариуцан татварыг нь хурааж өөр өөрсдийн дансанд төвлөрүүлдэг. Танай компанийн хэр хэмжээтэйг хэнд очиж татвараа өгдгөөр тодорхойлж болно. Эсвэл та аль төвшинд илүү арын хаалгатай мэдэх боломжтой.
Гэтэл соёл иргэншилтэй хот, орон нутаг бүрт нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагаа явуулж буй бизнесийн, хүн амын болон орлогын, үл хөдлөх хөрөнгийн татвараа хурааж, өөрөө хуримтлуулж, захиран зарцуулж байж тэнд амьдарч байгаа иргэдийн хамтын хэрэгцээг хангахад зориулдаг. Зөвхөн энэ замаар тухайн газар нутат хөгжиж иргэд нь дүрвэхээ болино.
Зарим улс орнуудад худалдааны татвар 7 хувь гэвэл 2-3 хувь нь улсын санд, 4-5 хувь нь орон нутгийн санд шууд ордог. Орон нутаг, хотууд хоорондоо өөрт ноогдох хувиа их, бага болгож өрсөлддөг. Тэгээд ч авдаг татвар нь зөвхөн тухайн хот урт хугацааны бонд гаргах баталгаа болдог.
Манай төр засгийн шийдвэр гаргагчид Улаанбаатар хотыг бусад орон нутагтай холбож үзэхээ болих цаг болжээ. Иргэд бидний хувьд Улаанбаатар хот маань бол орон нутаг биш. Их хурлын гишүүдэд л орон нутаг байх. Улаанбаатарт төрж өссөн иргэд бид хотоо хот шиг болгож, бас хотын хүн шиг амьдрахыг хүсч байна.
Улсын Их хурлын сонгуульд улс төрийн намууд оролцох нь ойлгомжтой. Зохион байгуулалттай улс төрийн бүлэглэл буюу намууд улс орны хуулийг тогтоож, өөрсдийн байгуулсан засгийн газраар дамжуулан хэрэгжүүлдэг нь хүн төрөлхтний засаглалын зарчим. Харин орон нутгийн удирдлагыг иргэдээс нь сонгодог нь бас дэлхийд тогтсон жишиг.
Хотын даргыг намаас биш иргэдээсээ шууд сонгодог байж л хот хөгжиж, тэр хүн иргэдийн өмнө хариуцлага хүлээж, хэрэв ажлаа хийж чадахгүй бол санал асуулгаар огцруулдаг баймаар.
Улаанбаатар хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгох ёстой.