Jargal's Blog
2010-10-27
Унтах эрх
Өнөөдөр сонин
2010.10.27

Улаанбаатар хотын иргэдийн хувьд алдчихсан олон юмны нэг нь энэ. Цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн бусад хөрөнгө, эрүүл агаар, явган хүний замын адил унтах эрхийг маань хүртэл төр засгийн түшээд хуйвалдаад авчих юм. Хотын дуу чимээ өдрийн цагт ямар их байгааг та бид тэр бүр ярихаа больж, үндсэндээ дасчихжээ.

Харин шөнө дундаас хойш үргэлжлэх барилгын ажил, алхны дуу, машины дохио, аль нэг давхарт засвар хийж ханаа цөм цохих чимээ улам бүр ихэсч, тэр хэрээр хэчнээн олон хүн унтаж амрахгүй байгааг ярих шаардлага их боллоо. Хананд чинь тулгаад байшингаа давхарлаж буй барилгын ажил шөнөжин үргэлжилнэ. Өдөржин ажлаа хийж, шөнөдөө унтахаар хэвтсэн олон мянган иргэд, түүний дотор хөгшид буурлууд, хүүхэд нялхсын нойр хулжин, хөрвөөсөөр өглөө болгож байна. Олон иргэд яахаа мэдэхгүй хий дэмий цагдаагийн газар руу утасдана. 102 өмнөөс нь хүний аюулгүй байдалд шууд халдаагүй бол бид хариуцахгүй, 310005 руугаа залга гэнэ. Тэр утсан дээр байгаа хотын жижүүр би ганцаараа яах юм бэ дарга нартаа маргааш хэлнэ гэнэ. Энэ бүхэн шөнө бүр давтагдан, өдөр шөнүүд өнгөрсөөр. Улаанбаатар хотод хүнийг унтуулахгүй чимээ шуугиан санаатайгаар гаргаж буй үйл ажиллагааг зогсоох ямар ч механизм байдаггүй ажээ. Хотын хурлын төлөөлөгчид гэсэн нэртэй бүлэг этгээдүүд юун таны унтах амрах тухай бодох, тэнд байх хугацаандаа аль нэг газар таслан авч, ашигтай бизнес шүүрэхээ л бодно. Уг нь бол соёл иргэншилтэй, ардчилсан улсуудад хотын дуу чимээг зохицуулсан тусгай хууль, журам байдаг.

Дуу чимээг агаарын адил бохирдлын ангилалд оруулан тусгай шаардлага тавьдаг. Дэлхийн бараг бүх том хотуудад шөнийн цагаар машины дохио дуугаргахыг хориглож, зөрчсөн этгээдийг торгодог. Төмөр замын станц дээр чанга яригчаар ярихыг хорьсон байдаг. Барилгын ажлыг оройн 18 цагаас өглөө 07 цаг хүртэл бүрэн хориглодог. Зөрчсөн хүн бүрийг хэзээ ч мартахгүй болтол нь торгодог. АНУ-ын Дуу чимээний бохирдлын тухай хуульд заасан стандартыг зөрчсөн өдөр тутамд 25,000 дол-аар торгох буюу нэг жил хүртэл хугацаагаар шоронд хорьдог. Соёлтой орнуудад дуу чимээний тодорхой стандартыг дээхнэ үед жишээ нь хажуу талын айлд сонсогдохоор бол, эсвэл гудамжинд сонсогдохоор хүчтэйгээр хөгжмийн өсгөгч ажиллуулсан бол, эсвэл байшингийн хананаас нь тэдэн зуун алхмын цаана сонсогдсон бол ингэж, тэгж торгоно гэж заадаг байсан.

Харин сүүлийн үед энэ бүхнийг дууны өндөр намыг хэмжигч децибиль (dBA) нэгжээр давхар заах болжээ. Жишээ нь: хүн шивнэхэд 20 dBA, 1-2 метрийн зайд хоёр хүний хэвийн яриа 60, ачааны машины дуу 90, хийн даралтын алх 100, рок хөгжим 110, B747 онгоц хөөрөхөд 120 тус тус байдаг бөгөөд харин 130-аас дээш бол чих өвдөж, цаашилбал чихний хэнгэрэг хагарах болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар зүрхний өвчнөөр нас барж байгаа хүмүүсийн 3.0 хувь нь дуу чимээнээс холбоотой стрессээс болж өнгөрдөг нь тогтоогджээ. Хүн 45 dBA ээс дээш чимээнд тав тух алдаж, 40-өөс дээш чимээнд унтаж чаддаггүй ажээ.

Харин хүүхдийн сурах чадвар 55-аас дээш дуу чимээнд бүрэн алдагдаж, бүр стресст ордог ажээ. Дуу чимээний энэхүү хорт нөлөөг нийслэлийн иргэд анхаарч, хотын дарга, төр засгаас холбогдох арга хэмжээ авахыг шаардах ёстой. Тэд иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Тэд үйлчлэхийн оронд иргэдийн бүх эрх, эд хөрөнгийг булаан авахыг цаагуураа дэмжиж, өөрсдөө оролцож байна. Улаанбаатар хотын хоёр байшингийн хооронд баригдсан болон баригдаж байгаа олон арван барилгуудыг хар даа.

Тэд айлын цонх, явган хүний зам таглан байшин барьж байна. Оршин суугчид нь эхлээд асар их дургүйцнэ. Төр засаг, хүүль шүүх, хороо, СӨХ иргэддээ үйлчилдэг гэж эндүүрэн баахан газраар орж бөөн шуугиан гаргана. Бүх газар холбогдох арга хэмжээ авахаа амлана. Тун удалгүй бүх талууд өөр өөрсдийн мөнгөө аваад чимээгүй болно. Нэгэнт мөнгийг нь төлчихсөн учир барилгын эзэн юу дуртайгаа хийж, ямар ч чимээ гарсан жоохон мөнгөөр тав тухаа нэгэнт худалдчихсан иргэд хоосон хөрвөөсөөр шөнийг барна.

Яг энэ зарчмаар таны унтах эрхийг зарчихсан буюу хуйвалдаад авчихсан юм байна. Иргэд унтахгүй байгааг хотын удирдлага, төр засгийн эрхэм дарга нар, тухайн барилгын эзэд хараад хөх инээдээ барьж ядан даажигнаж байгаа. Яагаад гэвэл тэд дархан цааз мааз гэж худлаа ярьж байгаад хуйвалдаад авчихсан уулын амнуудыхаа байшинд хотын бүх дуу чимээ, бохир агаараас хол, амар тайван жаргаж байгаа. Нийслэлчүүд ээ,сайхан нойрсоорой. … Хэрэв чадвал!


Comments

2011-01-25 -

Бичсэн: EDUCATION

tiim ee

. Шууд холбоос


2010-10-31 -

Бичсэн: Баттөмөр (зочин)

За тэр хотын дарга нь бүр дүүрч, түүний дэргэд, ИТХ-ийн тэргүүн маань ямар ажил хийж байгаа юм бол? Тэр хүн сонгууль болох болохоор иргэддээ маш хайртай хүн болчихдогсон, тэр хүн хаана байгаа юм бол? Иргэдийнхээ дуу хоолойг илэрхийлэх ёсзүйн үүрэгтэй тэр хүн ямар бизнес хийгээд яваа юм болоо? Гадны орны хууль дүрмийг тэр чигээр нь хуулах нь юу юм, гэхдээ аль хэдийнээ хийчихсэн "дугуйг" дахин шинээр хийх гэж толгойгоо гашилгахын оронд одоо хэрэглэж байгаа амьдралаар шалгагдчихсан хууль тогтоомжуудыг амьдралдаа аваад хэрэгжүүлчихвэл яасан юм бэ? Гадны хот бүр "noise ordinance"-тэй байдаг шүү дээ. Түүний дагуу гадаа барилга байшин шөнөжин барих битгий хэл, хөрш айлынхан чинь унтуулахгүй бол, гомдоллох эрхтэй байдаг юм байна билээ. Цаашид сонирхвол http://www.denvergov.org/Noise/tabid/383615/Default.aspx Таны блогийг нилээд удаан хугацааны турш дуугүй уншлаа. Цаашид дуугүй байж болохгүй нь. Таны блогийг уншаад дотроо дэмждэг олон хүн байдаг юм шүү гэж урам хүч өгөх гэж сэтгэгдлээ бичлээ.

. Шууд холбоос


2010-10-27 -

Бичсэн: Mandal

Untah erhgui biana gedeg chini odoo yamar aimaar asuudal vee? Gadaadad bol Barilgiin ajliig shunu hiihiig ugaasaa zuvshuurduggui. Harin Udriin tsagaar barilgiin ajil hiigdene duu chimee ene tsaguudad garna ta buhend hundrel uchruulsand uuchlana uu gesen duurgiin dargiin zahia hed hed irdeg barilgiin ajil ehlehees 1-2 sariin umnu. Jervee tiim zahia yavuulaagui barilgiin ajil ehelsen bol ter duurgiin darga bol oilgomjtoi. Shuud arga hemjee.

. Шууд холбоос


2010-10-27 - Re: Untah Erh

Бичсэн: Зочин

Minii huvid niitiin teevriinhen orildgoo bolichuul hotiin duu chimee arai l bagasah geed bgaa yum.

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Бичлэг: 33 » Нийт: 102
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax