Жишээ нь: Монгол 3000 долбол үйлдвэржилтийн эхэнд, Казахстан 10.000 дунд нь, Чили 15000 эцэст нь буюу мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжих үедээ ойртож байна. Үйлдвэржилтийг НҮБ-аас өөрийг нь анхдагч буюу байгалийн баялагаа олборлох, загас барих, хөдөө аж ахуйн, хоёрдогч буюу байгалийн баялагаа боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эцэст нь гуравдагч буюу үйлчилгээний гэж гурван салбарт ангилдаг. Бүх улс орон үйлдвэржилтийн энэ гурван салбарыг анхдагчаас нь эхэлдэг бөгөөд яваандаа дараачийн салбаруудтай хослон хөгжүүлж нэг хүнд ногдох баялагаа нэмэгдүүлдэг. Тухайн орон хөгжихийн тулд өөрийн нөхцөлд тохирсон салбаруудыг хослох бодлого, стратеги гаргаж, хэрэгжүүлдэг. Байгалийн баялагийн төрөл, нөөцийн хэмжээ, зах зээлийн байршил, дэд бүтцийн хөгжил, ажиллах хүчний чадварын түвшин зэрэг өөрийн орны онцлогт тохирсон үйлдвэржилтийн бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлж чадсан орон амжилтад түргэн хүрдэг. Чили, Монгол, Казахстан улс үйлдвэржилтийн гараагаа тус тусын эрдэс баялагийн нөөц дээрээ тулгуурлан эхэлсэн.
Казахстан улс 10-аад, Чили улс 20-иод жилийн өмнө эхэлсэн үйлвэржилтийн үйл ажиллагааг монголчууд эдүгээ дөнгөж эхэлж байна. Байгаль, газар зүйн онцлог, бусад бодит байдлаас хамаараад эрдэс баялгийн олборлох, боловсруулах, болон үйлчилгээний аль салбарыг яаж хослуулан хөгжүүлэх, улмаар аль салбарт дагнан төрөлжих нь орон бүрт өөр өөр. Ямар ч гэсэн үйлдвэржилтийн шатны хөгжлийн үндэс суурь бол дэд бүтцийн хөгжил бөгөөд түүний дотор цахилгаан эрчим хүч, ус, зам тээвэр, харилцаа холбооны найдвартай сүлжээг юуны түрүүнд бий болгохыг хэлнэ. Мэргэжил мэдлэгтэй боловсон хүчнийг бэлтгэн зах зээлд нийлүүлэх шаардлагатай.
Чили, Казахстан энэ чиглэлээр хөрөнгө оруулалтаа оновчтой хийсэн учир амжилтад хүрч байна. Тэд дээрх хөрөнгө оруулалтаа байгалийн баялгаасаа олсон орлогоосоо хийсэн бөгөөд тэр хөрөнгөө эхлээд Казахстанд Үндэсний сандаа, Чилид Тогтвортой байдлын сандаа төвлөрүүлэн хатуу чанга дүрмийн дагуу зарцуулжээ. Монголд одоогоор Хүний хөгжлийн сан гэж бий болоод байгаа ч аль чиглэлээр зарцуулах нь улам бүр тодорхойгүй болж байна. Эхлээд бүх дэд бүтцийг барьж байгуулах, дараа нь үйлдвэржилтээ өгөөжтэй, үр дүнтэй ашиглахад шинийг санаачлан ажиллахын тулд хүн төрөлхтний тухайн салбарт хүрсэн бүх ололт амжилтыг мэдэх шаардлага гарна. Үйлдвэрлэсэн бүтгээгдхүүнээ гадаадын зах зээлд гаргаж чадвал тухайн салбар өрсөлдөх чадвартайг харуулах бөгөөд үүнийг хөдөлгөгч хүч нь тухайн салбарын компаниудын чөлөөт өрсөлдөөн, зах зээлийн зохицуулалт юм. Үүнийг Чили улс илүүтэй ашиглаж, Казахстан улс орхигдууүлж байна. Чили улс эдийн засгаа ашигт малтмалын зах зээлийн үнээс хамаардагийг багасгаж, үйлдвэржилтээ төрөлжүүлж чаджээ.
Тэд цоо шинэ салбарууд бий болгон эдийн засгаа өргөжүүлж хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлжээ. Тэд загас, дарс, жимс, мод, цаасны үйлдвэрлэлийг бий болгож дэлхийн зах зээл дээр өрсөлдөн, улмаар мэдлэгт тулгуурласан эдийн засгийн сууриа тавьсан. Казахстан ч эдийн засгаа эрдсийн бусад салбарыг хөгжүүлэхийн төлөө тодорхой зорилго тавиад ажиллаж байна. Монгол Улсын өмнө байгаа замыг амжилттай туулж, уул уурхайн орлогоо үсрэнгүй хөгжлийнхөө суурь болгож чадсан Чили, болон Казахстан улсын хөгжлийн бодлогын алдаа онооны туршлагаас суралцах нь монголчуудын хувьд цаг хугацаа хэмнэх, зардлаа багасгах сайхан боломж юм.
