Хүү минь амьдралд хамгийн чухал зүйл бол мөнгө биш, харин түүний хэмжээ нь” гэж кавказ гаралтай аав хүүдээ сургаж байна гэнэ. Эдийн засагт ч гэсэн энэ үнэн үг.
Аль ч улсын эдийн засагт байгаа мөнгөний хэмжээг хоёр хэрэгслээр удирддаг. Тэр хэрэгслүүдийн нэг нь төсвийн бодлого, нөгөөх нь мөнгөний бодлого.
Төсвийн бодлогыг Засгийн газар улсын төсвөөрөө дамжуулан хэрэгжүүлдэг. Хувь хүний орлогоос, аж ахуйн нэгжийн ашгаас, үл хөдлөх хөрөнгийн татвараас, архи тамхины тусгай татвараас гэх мэт олон эх үүсвэрээс төсвийн орлогоо бүрдүүлж, нийтийн хэрэгцээний үйлчилгээ явуулж, өөрийнхөө үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулдаг. Энэ хэмжээнээс хамаарч эдийн засагт байгаа мөнгө, түүний эргэлтэд өөрчлөлт гарна. Энэ бол ардчилсан оронд сонгуульд ялсан улс төрийн намын байгуулсан Засгийн газрын мэдэлд байдаг, улс төрийн хэрэгсэл гэсэн үг.
Нөгөө хэрэгсэл нь улс төрчдөөс ангид байх ёстой бөгөөд сонгуулийн хугацаанаас олон дахин алсыг харсан бодлого явуулах мэргэжлийн хүмүүсийн гарт байх ёстой зэвсэг. Зөвхөн тийм мөнгөний бодлого хэрэгжүүлдэг оронд л эдийн засаг нь харьцангуй зөв урсгалаараа явах бөгөөд үр дүнд нь мөнгөний үнэгүйдлийг хязгаарлаж болдог.
Эдийн засаг нь эрчимтэй хөгжсөн бүх оронд энэ хоёр бодлогыг тус тусад нь ажиллуулах зарчмыг барьж ирсэн бөгөөд манайд ч бас уг нь тэгнэ гэсэн хууль хүртэл байгаа. Хуулиудыг гууль болгож чаддаг манай өнөөгийн улс төрийн дэглэм Монголбанкны удирдлагуудыг өөр хоорондын арилжаа, наймааны том объект болгоод удаж байгаа. Үүнийг харуулсан ээлжит нүүдэл ид явагдаж байна.
Монголбанк хоёр дэд захиралтай бөгөөд тэр хоёр нэгэн зэрэг халагдах өргөдлөө бичсэний нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар, нөгөө нь зүгээр л өгч таарлаа. “Хоёр нүдэнд нь зэрэг юм ордог нь юув дээ”. Хоёр даргыг өргөдлөө бичиж дуусаагүй байхад л төрийн эрх хамтран барьж байгаа хоёр нам өөр өөрийн нэг нэг хүний нэрийг дэвшүүлэн Төвбанкны даргаар барьцаалж, бага шиг жүжиг тавьж байгаад харилцан тохиролцов.
Төсвийн бодлого дээрээ нэмээд мөнгөний бодлогыг улс төрийнхөн бүрэн булаан авсны тодорхой жишээ, хөдөлшгүй баримт болж буй энэ үйлдлийн гол шалтгаан, түүний үр дагаврыг монголчууд бид ялгаж салгаж, дүгнэх шаардлага гарч байна. Яагаад гэвэл энэ тоглоомын бүх зардлыг мөнгөний үнэгүйдлээр дамжуулан иргэд бид төлдөг бөгөөд бүх хожоог хоёр нам хуваан аваад том том ордон барьж, гадаадад аялж, эмчлүүлж сувилуулахадаа зарцуулдаг.
Энэхүү улс төрийн муухан найруулгатай ядуухан этюдийн гол шалтгаан нь Монголын төрийн эрхийг ээлжлэн барьж байгаа хэсэг этгээд, тэдний эрх мэдлийн илэрхийлэл, улс төрийн зэвсэг нь бэлэн мөнгө, түүний гүйлгээ (M1)-нээс гаралтай. Тэд өөрсдийнхөө мэдлийн арилжааны банкуудаар дамжуулан эргэлтэд байгаа бүх мөнгийг (M2 буюу M1+ хадгаламж) хянадаг бөгөөд Төвбанкаар дамжуулан арилжааны аль банкны хяналт шалгалтыг ямар төвшинд хийх, ямар алдааг харах, үл харах, хэзээ харах, Төвбанкинд байрлуулах ёстой нөөц хэд байх, зөвхөн арилжааны банкууд худалдаж авдаг Төвбанкны үнэт цаасны хүү хэдэн хувьтай байхыг тогтоож ирсэн. Төвбанкны удирдлагад өөрийн хүнээ тавьснаар л энэ бүхнийг зохицуулах боломжтой бөгөөд наад зах нь нөгөө нам нь юу түрүүлж авчих гээд байгааг мэдэх боломжтой. Мөнгөний урсгалыг хянаж байж сонгуулиар амласан мөнгөө үнэ ханшийг нь бууруулж олгоно. Нөгөө талаас хуваах олз ашгийнхаа бодит хэмжээг тогтоон хэмжихэд тустай алхам.
Мөнгөний бодлогыг ийнхүү улстөржүүлдэг нь эдийн засгийн эргэлтийг хангагч мөнгөний хэмжээнд ноцтой нөлөө үзүүлдэг бөгөөд мөнгөний үнэгүйдлийг дагуулдаг эрсдэлтэй алхам мөн.
Мөнгөний үнэгүйдлийн (инфляци) хэвийн төвшин нь жилд 2-3 хувь байдаг бөгөөд түүнээс дээших өсөлт бол төр засаг иргэдийн мөнгийг дээрэмдэж байгаа хэрэг гэж эдийн засагчид үздэг. Эдийн засгийн хамгийн том дайсан болох энэхүү мөнгөний үнэгүйдлийг гаргуулахгүйн тулд мөнгөний бодлогыг уг нь улстөрчдөөс ангид байлгах ёстой.
Олон оронд Төвбанкны дээд удирдлагыг Удирдах зөвлөл барьж байдаг бөгөөд, тэр зөвлөл нь мөнгөний бодлогыг урт хугацаагаар тодорхойлдог. Гишүүдийг мэдлэг чадвар, мэргэжил, ёс зүйн байдлыг нь шалгуур болгон олон жилээр томилдог. АНУ-д гэхэд Удирдах зөвлөлийн долоон гишүүн тус бүрийг 12 жилийн хугацаагаар, дахин сунгахгүйгээр Улсын Ерөнхийлөгч нь томилдог юм.
Монголбанкны хувьд бүгдийг нь Монголбанкны ерөнхийлөгч томилдог бөгөөд одоогийн Удирдах зөвлөлд хэлтэс, газрын дарга нар, хоёр багш л байдаг бөгөөд эднээс одоо хамт өөрчлөгдөж байгаа хоёр орлогчоо л Их хурлаар батлуулдаг. Харин яаж баталдгийг нь Та харж байгаа биз дээ.
Нэр төдий Удирдах зөвлөлтэй, дээд удирдлагыг нь улс төрийн намуудын нэрээр хэдхэн этгээд томилдог манай оронд Монголбанкны дарга, орлогчийг халах, солих нь салбарын сайдыг солихоос илүү нөлөөтөй.
Хорвоо дээр байхгүй өндөр хүүтэй зээл олгоод, түүнийгээ улс төрийн холбоосгүй эгэл нэгэн бизнесийн хамаг шүүсийг нь сорж байгаад төлүүлж харин чаддаг. Улс төрийнхөнтэй ил далд холбогдсон том зээлдэгчид нь зээлээ төлөхийн оронд, банкаа хаалгуулж чаддаг манай банкны системийн гол гажиг нь энэхүү тоглоомын банкны дотор байгаа биш гэж үү?
Төвбанкны бие даасан үйл ажиллагааг бүрэн хангах талаар шинийг бодох, өөрчлөх цаг болжээ.