Jargal's Blog
2009-09-02
Хөрөнгийн эрх

“Капиталын нууц” номоороо дэлхийд алдаршсан Перугийн эдийн засагч Эрнандо дэ Сото хөгжсөн болон хөгжиж байгаа орнуудын хоорондх  үндсэн бөгөөд зарчмын ялгаа нь нэгэнд нь хөрөнгөөрөө хөрөнгө капитал босгож болдог, харин нөгөөд  нь болдоггүйд оршдог гэж тайлбарлажээ.

Хөрөнгөөр хөрөнгө босгоход шаардлагатай суурь хүчин зүйл байдаг нь тухайн хөрөнгийн эрхийн  гэрчилгээ.  Энэ гэрчилгээгээр тухайн хөрөнгийн үнэлгээ,  чухам хэний өмч болохыг тодорхойлж, энэ хөрөнгийн эзэмшигчийн эрхийг тухайн орны төр засаг нь баталгаажуулсан байдаг учир тэрхүү алга дарам цаас, уг хөрөнгийг төлөөлж,  мөнгө шиг эргэлтэнд ордог. Түүнийг банк, санхүүгийн аль ч байгууллага яг тэр хөрөнгө шиг нь хүлээн зөвшөөрч зээл олгож, цааш нь бас давхар барьцаалан мөнгө босгодог.  Үр дүнд нь тухайн оронд хуримтлагдсан хөрөнгийн хэмжээ эрс өсөж,  эргэлт хурдасч  тухайн хөрөнгө өөрийн байршил дээрээ хөдөлгөөнгүй байгаа ч, түүний төлөөлөл нь дэлхийн хаана ч хэрэн хэсэжбайж болдог. Эзэн нь унтаж байхад хөрөнгө нь мөнгө үржүүлж байдаг гэсэн үг.

 Хөрөнгө өөрийн онцлогоосоо хамаарч оюуны, биет болон газар гэж гурав хуваагддаг. Оюуны хөрөнгийг бүтээсэн хүн нь эзэмших эрхтэй тухайс сонгодог ойлголт харамсалтай нь Монголд бараг байхгүй шахуу бөгөөд  энэ сэдвээр тусад нь ярилцах болно. Энэ удаа биет хөрөнгө болон газрын тухай асуудлыг хөндье.  

Манай төр засгийн өнөөгийн үйл ажиллагаа нь хөрөнгөөр хөрөнгө босгох боломжийг бий болгох биш,  харин санаатайгаар саад тээг учруулж байгаа юм шиг болжээ. Төр, захиргааны байгууллагууд харилцан бие биенээ үгүйсгэдэг болсон учир нэг төрийн хоёр  яам хоорондоо гэрээ хийж , үйл ажиллагаагаа зохицуулдаг болсон нь даанч өрөвдмөөр.  Үүнийг нийслэл хотын тодорхой жишээн дээр авч үзье.

Улаанбаатар хотод хувийн болон нийтийн эзэмшлийн газрын зааг ялгаа байхгүй учир  дээр нь барьсан хөрөнгийн эрхийг хэнд өгөх, өгөхгүйг, аль нэг улс төрийн намын удирдлага мэддэгээс гадна , барилга эзэмшигчийн эрхийг газар эзэмшигчтэй нь салгаж бас нийлүүлж болно. Эрхтэн дархтанууд хөрөнгийн эрхийг яаж ч өөрчилж чадах бөгөөд нам нэрээр цөөхөн бүлэг хүмүүс нийтийн хөрөнгийг завшсаар ирлээ.   

Нийслэлийн олон барилга нийтийн эзэмшлийн газар,  түүний дотор хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, үерийн далан дээр баригдсан, одоо ч хэдэн арваараа баригдаж буй учир, түүнийг ашиглалтанд оруулах буюу эзэмших эрх олгохоос төрийн өөр нэг  байгууллага нь татгалздаг.  Нэгэнт барилга баригдаж эхэлсэн учир төр засагт итгэсэн иргэд урьдчилгаа төлөн захиалгаа өгч, дуусахаар нь нүүгээд орчихдог боловч хөрөнгө эзэмшигчийн эрхээ авч чаддаггүй.

Эдүгээ бариад дуусчихсан,  борлуулж чадахгүй байгаа хэдэн мянган айлын бүхэл бүтэн хороолол, мөн  томоохон худалдааны төв,  хотын ундны усны нөөц дээр баригдсан учир ирээдүйн оршин суугчид нь эзэмших, ашиглах эрхээ бас л авч чадахгүй нь тодорхой.

Дархан цаазтай гэх Богд уулын Зайсангын аманд аялал жуулчлалын чиглэлээр ашиглах нэрийдлээр орон сууцны олон хороолол бариад , хэдэн мянган иргэдэд худалдчихсан, оршин суугчид нь нэлээд хэдэн жил амьдарч байгаа ч хөрөнгийн эрхийн бичгээ одоог хүртэл аваагүй байна. 

Хотын ямар нэг хэсэгт ийм маягаар орон сууцтэй болсон иргэдийн ганц аврал нь сонгууль.  Аль нэг эрх мэдэлтэн тухайн шинэ хорооллоос Их хурлын сонгуульд  дэвшвэл  сонгуулийн амлалт болгож ямар ч байсан хөрөнгийн гэрчилгээг нь намын нэрээрээ гаргуулаад өгдөг нь тогтсон  жишиг. Ер нь бол болохгүй, гэхдээ үнэхээр их хүсч байгаагаа баталж чадвал бол болно гэдэг нь  Монголын засаглалын зарчим.

Иргэд бүх насаараа  хуримтлуулсан хөрөнгөөрөө худалдаж авсан байраа эзэмших гэрчилгээг авч,  эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа учраас тэр хэмжээгээр ихээхэн хөрөнгө түгжигдэж,  эдийн засгийн эргэлтэнд орж амьдарч чадахгүй байна.

Нэгэнт хөрөнгийн эрхийн бичиг байхгүй учир орон сууцыг нь үнэлэх зах зээлийн боломж багасч, хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй,  улмаар даатгалын үйлчилгээ авахад бэрхшээл тулгарч байна.  Гал, усны аюулаас даатгуулах боломгүй учир эрсдэлээ удирдах үргүй зардлын хэмжээ ихсэж байна. Саяхны нэгэн  үерээр Зайсан дахь  шинэ байрны зоорийн давхарт  ус орж өндөр үнэтэй олон машиныг гараашт нь хөвүүлж ихээхэн хохирол учруулсан жишээ үүнийг харуулж байна. Шинэ боловч цоорхой дээвэртэй, хөгцөрсөн ханатай, халдаггүй байранд сууж байгаа иргэд бас  юу ч хийж чадахгүй байгаа.  

Үнэлгээ тогтоох хууль зүйн үндэслэлгүй буюу хэн эзэмшсэн нь тодорхой биш учир, улс ч бас өөрөө үнлсэн хөрөнгийн тогтоосон үнэлгээний 2.0 хүртэлх хувиар тооцдог  татвараа авч чадахгүй байгаа юм.  Энэ татвар байхгүй учир тухайн байр, түүний ойр орчимд засвар, үйлчилгээ, тохижилтын ажил хийгддэггүй бөгөөд  оршин суугчдаас  мөнгө хурааж авах замаар аргалж байна.

Монгол улс иргэдийнхээ  хуримтлуулсан хөрөнгийг баталгаажуулж өгч чадахгүй байгаа учир иргэд хөрөнгөөрөө хөрөнгө босгож чадахгүй, төр нь гадаадын орнуудаас зээл тусламж гуйсан хэвээр өдөр хоногийг хороосоор л байна.

Манай улсын  хөгжлийн хамгийн гол нэг гарц бол хөрөнгө бүр эзэнтэй,  эзэмшил нь хөрөнгийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан байх явдал билээ.

 


Comments

Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Бичлэг: 93 » Нийт: 102
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant