Jargal's Blog
2011-04-13
Энгийн ба давуу
 Өнөөдөр сонин
2011.04.13

Монголын эрдэс баялаг нь ард түмний өмч хөрөнгө бөгөөд үр шим нь нийт иргэдэд хүрэх учиртай. Манай улс газрын доорх баялгаараа дэлхийд тэргүүлэх орнуудын нэг боллоо. Зөвхөн алт, зэс, нүүрсээ ухан, урд хөршдөө уралдан нийлүүлснээр тодорхой компаниуд асар их орлого олж байна. Тэдний олборлолт ирэх жилүүдэд геометрийн прогрессээр өсөх төлөвтэй. Мөн мөнгө, төмөр, цайр, газрын ховор элемент зэрэг олон эрдэс баялгуудын болон газрын тосны нөөц улам бүр өсөж, шинэчлэгдэн тогтоогдсоор байна.

Байгалийн арвин их баялгийг зөвхөн хэсэг хүмүүсийн биш, харин бүх иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд ашиглах ёстой. Эс тэгвэл улс оронд баян ядуугийн ялгаа улам ихсэж, орлогоороо нийгэм ялгаран холдож, нийгмийн зөрчил нэмэгдэхийн хэрээр улс төрийн тэмцэл хурцдаж, бослого самуун гарч, хийсэн бүтээсэн бүх баялгаа устгах аюул ирдгийг байгалийн баялаг нь хараал болсон улс орнуудын түүх гэрчилж байна. Ямар ч гэсэн Монголын төр засаг улсын мэдлийн шинэ компаниудын хувьцааг нийт иргэддээ хувааж өгөх шинэ ажлыг эхлүүлэв. Алаагүй баавгайн арьсыг хувааж байгаа ч ийм хувьцаа өгөх нь төр засгийн эрхийг эвсэлдэн баригч хоёр намаас хүн бүрт 2000 орчим доллар өгөх тухай сүүлийн сонгуулийн үеэр уралдан амласнаа биелүүлсэн болж харагдах алтан боломж, нэг сумаар хоёр туулай буудах санаа.

Гадаадын зарим орнууд байгалийн баялгаа иргэддээ хуваарилах төстэй аргуудыг хэрэглэж ирсэн. Газрын тос арвинтай Булангийн орнууд, Ливи, Боливи, Нигери болон Аляск мужуудад “Нөөцийн ногдол” хэмээх аргыг хэргэлсэн. Энэ аргыг Монгол Улс агуулгаар нь гүнзгийрүүлэн хэрэглэхээр хичээж байна. Монголд эхлээд баялгаа компанийн хувьцаа болгож хүн бүртээ хуваарилах, дараа нь ногдол ашиг өгөх, ард иргэд нь тэр хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр тодорхой хугацааны дараа чөлөөтэй худалдаж болох шийдвэр нэгэнт гарчээ. Төр засаг одоогоор хувьцааны тоог хэлсэн ч хувьцааны эхний буюу нэрлэсэн үнийг зарлаагүй байна.

Засгийн газар Монгол Улсын стратегийн орд газруудыг “Эрдэнэс Монгол” нэртэй нэгтгэл байгуулан эзэмшүүлэв. Түүний доорх 15 охин компаниудын нэг болох “Тавантолгой Эрдэнэс” компанийн 10 хувийг хүн бүрт 565 энгийн хувьцаа очихоор хуваарилж байна. Энэ бол Монголын улстөрчдийн гуравдугаар сарын гол шоу байлаа. Харин дөрөвдүгээр сарын шоу бол “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхтэй хувьцаа гаргаж, иргэн бүрт нэг хувьцаа өгөөд, үлдсэнийг нь шинээр төрөх хүүхэд бүрт хүргэх ажил байх болно. Энгийн ба давуу эрхтэй хувьцаа юугаараа ялгаатай вэ? Энгийн хувьцааны эзэн хувьцаагаа зах зээлийн тухайн өдрийн ханшаар худалдах, эсвэл хувьцааны ногдол ашгаа авах замаар л мөнгөжүүлж болно.

Бидний төсөөлөн мөрөөдөж байгаа шиг бүх зүйл нааштай өрнөвөл эхний замаар явах нь алтан өндөг гаргадаг галуугаа тав гурван өндгөөр солино гэсэн үг. Харин дараагийн замаар бол жил бүр алтан өндөг авна гэсэн үг. Гэхдээ галуу өндөглөх буюу ногдол ашиг хуваарилах хугацааны хувьд зай ч байна, лай ч байна. Бүр олон жилийн дараа тухайн компани үйл ажиллагааны бүх зардал, түүний дотор авсан зээлийн зардал, ашгийн татварын төлбөрөө хаагаад, үлдсэн мөнгөнөөс хувьцааны ногдол ашиг хуваарилдаг. Ашигтай гарсан ч ногдол ашиг заавал хуваарилах албагүй. Үйл ажиллагаагаа өргөтгөн нэмж, хөрөнгө оруулалт хийгээд байвал хуваарилах ашиггүй гараад л байна. Тийм учраас тухайн компанийн Удирдах зөвлөлд хувьцаа эзэмшигчид бодит төлөөллөө байлгахыг эрмэлздэг.

Засгийн газар үүнийг мэдэж байгаа учраас иргэдэд хувьцаагаа шууд зарвал мөнгөтөй болно гэдгийг сануулсаар байна. Иргэд хувьцаагаа зарсан тохиолдолд мөнгөтэй нь аваад, ядуучууд нь нэг удаа хооллоод л ядуу хэвээрээ үлдэнэ. Харин давуу эрхтэй хувьцаа нь энгийн хувьцаа шиг шийдвэр гаргахад нь оролцох эрхгүй. Жил бүр тодорхой хэмжээний тогтоосон ногдол авах ёстой учир давуу эрхтэй хувьцааг өрийн бичиг буюу бондтой адилтгаж үздэг. Бонд эзэмшигчид тухайн компани ашигтай, ашиггүйгээс үл хамаарч, жил бүр тодорхой төлбөр (купон) авдаг. Бас нэг давуу тал нь тухайн компани дампуурсан тохиолдолд бүх хөрөнгийг нь зараад, орлогыг нь хуваах дараалалд энгийн хувьцааны өмнө оруулдаг учир давуу эрхтэй гэдэг. “Эрдэнэс Монгол” компани 100.000 ширхэг энгийн хувьцаа, 3.000.000 давуу эрхтэй хувьцаа гаргах гэнэ.

Энгийн хувьцаагаараа мөнгө олно. Харин гурван сая давуу эрхтэй хувьцаанд мөнгийг ногдол ашиг хэлбэрээр олгоно гэсэн үг. Аль ч хувьцааны хувьд тухайн компани хувьцаа нэмж гаргаад түрүүчийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны үнэ цэнийг шингэлж болдог. Шинээр хувьцаа гаргах, эсэх тухай төр засаг дуугарахгүй байгаа нь үүнийг үгүйсгэхгүй байгаа хэрэг. Тэмдэглэх ёстой өөр нэг зүйл бол компанийн хувьцааг мөнгө босгох гэж гаргадаг болохоос Монгол шиг мөнгө өгөх гэж гаргадаггүй.

Манай энэ хуваарилалт тухайн компанийн засаглал дотор олон талын зөрчил гаргахыг тооцох хэрэгтэй. Тухайн компаниудын гүйцэтгэх удирдлага өөрсдийн үйлдлийн төлөө онцгой хариуцлага хүлээдэг, тэдний үйл ажиллагааг ил тод байлгах шаардлагатай. Ямар ч гэсэн хувьцааг үнэгүй авсан монголчууд, үнэтэй авсан хөрөнгө оруулагчтай өрсөлдөн хувьцаагаа өгч, авалцах нь хувьцааны үнийг харьцангуй багасгах болно. Монголын аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр зарахын оронд ард иргэддээ нэмж өгөх нь баялгийн хуваарилалт талаасаа илүү оновчтой болох бөгөөд хоёрдогч зах зээлийн хувьцааны үнийг өсгөхөд ч тустай юм.

Өнөөгийн Монголын газар доорх баялгийн үр шимийг тодорхой хэсэг хүмүүс эдэлж, харин нийт иргэд нь учраа олохгүй гайхан харж, өөрийн орон зайгаа олохыг идэвхтэй хайж байна. Газрын доорх баялгийг олборлох, боловсруулах үйл явцад ажлын байр бий болж, иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нөлөөлж, улс орны дэд бүтцийн чанарт өөрчлөлт хурдан гарахгүй бол баялаг маань ерөөл л лав болохгүй бөгөөд харин ч ноцтой үр дагавар гарах болно.



Comments

2011-04-14 - Bodlogo heregtei bna

Бичсэн: enkhtaivan.m (зочин)

Bayan yaduugiin yalgaag nemehgui baih bodlogo tsag aldahgui zaaval avahgui bol bolohgui gedgiig huuli togtoogchid oilgoh heregtei baigaa yum bna.Mongo huvaarilalaa geed zongoor orkhivol niigemd uuseed baigaa orlogiin yalgaa ulam bur ikhsene.Ukhel,suirliin ayulaas garah zamiig nerlesen unetei hamt gargah heregtei yum bna.Uhaaral ogoh8asuudal devshuulsen bichlegt bayarlalaa

. Шууд холбоос


2011-04-13 -

Бичсэн: Tumuruu (зочин)

Olon zuv sanaa gargaj tavisna bn aa. Ter aj axuin negjyyded nerlesen yneer zarna gedeg bol shudarga bus sanagdaj bn aa. Asuudlig xundsund talarxaya.

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Бичлэг: 9 » Нийт: 102
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax